Дакар руу явсан зорилго тань юу байв гэсэн асуултад тэр “Уг нь би хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэх гэж явсан. Гэхдээ би тэндээс өөрийгөө олсон”гэж хариулсан юм.

Уг нь Дакарт машинаар уралдах мөрөөдөл тээсэн ч өртөг нь сая доллар, хэтийдсэн үнэтэй төлбөртэй. Хямдхан бөгөөд боломжийн сонголтоор мөрөөдлөө биелүүлэх хувилбар нь мотоцикл байв. Энэ хүртэл тэр 3 нь ч удаа Дакар раллид оролцох хүсэлтээ илгээсэн ч мото спортын тамирчин биш гээд буцаагджээ. Харин түүнтэй уралддаг найзууд нь батлан дааснаар 100 мянган долларын өр тавьж Дакар раллид Монголоос оролцсон анхны мэргэжлийн бус тамирчин болох эрхээ гардав.

Зөвхөн мэргэжлийнхэн л орж зүрхэлдэг, мото спортын олимп гэгддэг уг тэмцээнд мотоцикл унаж сураад удаагүй тэрбээр хүндээс хүнд өдрүүд угтана гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байв.

Гэхдээ бодит байдал, түүний төсөөлснөөс ч бэрхийг эхний даваа болох Богд уул шиг өндөр манхан баталжээ. 300 метрийн өндөр элсэн манханг нусаа хацартаа наах шахуу давтал цаана нь үүн шиг хэдэн арван даваа тосч байх нь тэр. Яг энэ мөчид тамирчдаас нэлээд нь буцах шийдвэр гаргасан гэдэг. 

Гэрэл зургийг Ч.Анарын фэйсбүүк хуудаснаас ашиглав

Дээрээс нь 10 гаруй мянган км урт замыг 16 кг хамгаалалтын хувцастайгаар 50 хүртэлх градусын халуунд жингээ өдөрт кг тутмаар хаях төсөөлөө ч үгүй бартаат замуудыг туулж унтаа сэрүүний завсар туулж өнгөрүүлсэн гэв.

Замдаа гурван ч хавиргаа хугалжээ. Цээж хөндүүрлэхэд дотроо зүгээр л явж байхгүй ингэж өөрийгөө зовоох гэж дээ хэмээн өөртэйгээ тэмцэлдэх өдөр хоногууд. Бууж өгөх маш амархан. Учир нь буудаллах газраас нь холгүй улаан товчлуур бий. Дарчихвал онгоц хормын зуур л ирээд аваад явчихна. Тэвчээр алдран бууж өгөхөд болсон цаг мөч ирэв. Шууд буугаад өгчихөлтэй биш эхнэр рүүгээ дэм авахаар хиймэл дагуулын утсаар залгаж, үнэндээ “Уралдаан яах вэ, амь насаа бод” гэсэн үг дуулах гэсэн хэрэг л дээ. Утсаараа залгаад эхнэртээ хүнд байдалд байгаагаа дуулгатал “Бид нар чамайг дэмжиж итгэдэг. Хүүхдүүд чинь чамайг хүлээж байна”  гэжээ. Сонсонгуутаа нүдний нулимс цийлэгнүүлж, бууж өгөхөө азнуулсан тэр үгсийн хүчээр дахин урагшилжээ. Дахиад давшив, 11 дэх үе дээрээ амнаас хөөс сахарчихсан, хэвтэж байх үед голланд 2 нөхөр ирээд “Монголчууд хэзээ ч бууж өгдөггүй” гэж хэлсэн нь юу ч болоогүй мэт сэвхийтэл босоод ирэх хүч зориг өгөв.

Ингээд тэр барианд орсон. Сүүлээсээ 2 дугаар байр боловч ялагчийн дайтай үнэ цэнтэй агшиндаа хүрч чадав. Мэргэжлийн бус сонирхогчийн хувьд энэ бол том амжилт байлаа. Учир нь Дакар раллид оролцсон тамирчдын ердөө 50 хувь нь барианд орж чаддаг. Тиймээс барианд ирнэ гэдэг өөрөө ялалт шиг үнэ цэнтэй учраас тэднийг бүгдийг нь ялагч гэдэг билээ.

Энэ тэмцээнээс түүний ойлгосон зүйл бол бидний зовлон бэрхшээл гэгдсэн зүйлс ердөө тархинд л байдгийг, хүн өөрийн хүсэл мөрөөдөл, тэмүүллээ дагаж зорилгоо тодорхойлж тэвчээр итгэл үнэмшилтэй, тууштайгаар зүтгэвэл юунд ч хүрч болдог гэдгийг ойлгосон гэдгийг Ч.Анар залуустаа захисан. Ирээд мэдээж тэр итгэл дүүрэн том төслүүдээ эхлүүлсэн, мэдээж асар их итгэл үнэмшилтэйгээр.

Одоо харин тэр хоббигоо хэсэгтээ мартахаас аргагүй болжээ. Учир нь хөрөнгө оруулагчид нь гэрээ хийхдээ уралдахыг хориглоно гэсэн заалт оруулсан учраас. Түүний бодлоор хоббигүй хүмүүс яаж амьдраад байгааг ойлгоход бэрх гэнэ. Яагаа гэвэл хобби бол аз жаргалтай амьдралын үндэс гэж боддог учраас.

Монголчууд бид дэлхийн хэмжээний компани байгуулж чадна гэдгийг харуулах гэж зүтгэж яваагаа тэр итгэл бардам хэлсэн. Математикч найзуудтайгаа улс төрд орохгүйгээр эх орноо яаж өөрчлөх вэ гэж ярьсан нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн суурийг тавьжээ. 

Хэдхэн жилийн өмнө барьцаат зээлийн үйлчилгээг зээлдэгч, зээлдүүлэгч 2-ын аль алинд нь чирэгдэлгүйгээр шийдэх гэсэн түүний санаанд итгэх хүн байсангүй. Өдгөө тэр 14 төсөл дээр ажилладаг. Ленд.мн төсөл дээр нь нийт 150 орчим ажилтантай болжээ.

Ленд.мн-ийн хувьд хөрөнгийн зах дээр хүч үзэж, уламжлалт санхүүгийн системээс татгалзсан финтек төсөл гэдгээрээ хэдийн монголчууддаа танил болжээ. Олон улсад тэр дундаа Филиппин, Мянмар, Солонгос, Индонез зэрэг орнуудын орших Зүүн Өмнөд Азийн зах зээл рүү хиймэл оюун ухаан ашигласан шинэ үеийн банкны үйлчилгээг нэвтрүүлэхээр хүч түрэн орж байна. Зам бүхэн дардан биш, Камбожид гэхэд бүтэлгүйтсэн. 

Өнгөрсөн хугацаанд 16 орчим төсөлдөө босгосон мөнгө нь  нийт 80 сая доллар гээд түүх өрнөнө.

2018 оны хоёрдугаар сарын 21 Хөрөнгийн бирж дээр цан цохисон баярт өдөр

Түүний ажлын гараагаа эхэлсэн түүх олон залуусын сонирхлыг татсан. 19 настайдаа Цахилгаан Холбооны МИКОМ компанид ажилд оржээ, мэргэжилгүй, дипломгүй ч гар утасны наймаа хийдэг товхийсэн орлоготой. Гэхдээ хэд дахин бага цалин авахын тулд зүтгэсэн хэрэг. Дарга нарынхаа хамгийн дургүй ажилтан байсан ч жилийн дараа шилдэг инженер болжээ. Уг нь их сургуульд урилгаа орсон ч сургуулийнхаа лабораторид хамаг цагаа өнгөрүүлсээр хөөгдсөн хэмээн инээсэглэн ярьсан. Энэ тухайгаа ярихдаа

“Миний сургууль төгсөөгүй шалтгаан нь надад диплом чухал биш гэдгийг би мэдэж байсан. Аль нэгэн ажилд орохын тулд надад диплом барих шаардлага байхгүй. Гэхдээ би Холбоо мэдээллийн технологийн сургуульд ч гэсэн бүх шалгалтыг хамгийн өндөр оноогоор нь өгчихдөг байлаа. Дөрвөн сургуульд сурсан. Аль ч сургуулийнх нь диплом байхгүй. Гэхдээ надад хэрэгтэй байсан зүйлээ бүгдийг нь сураад авчихсан. Харин эргээд харах нь оюутны амьдрал надад байгаагүй. Шоу цэнгээн хөөж үзээгүй” гэсэн.

Ингээд 23 настай Цахилгаан Холбоо компанид инженер хийж байхдаа хэлтсийн дарга Балгансүрэнтэйгээ 15 минут ярилцаж суугаад л гуравдагч операторыг байгуулна гэж ярьжээ. Дарга  нь түүнд “Асуудалгүй, хоёр сая доллар л хэрэгтэй”  гэж хэлжээ. Олон уулзалтууд, хөрөнгө босгох амаргүй ажил үргэлжилж тендерт орсон ч ялагдав. Гэхдээ энэ ялагдлаар нь түүний G-mobile компанийг байгуулах эхлэл тавигджээ. Хамгийн сүүлийн үеийн Лексус машин, дарга нарын дугаар гээд мөнгө олохын хэрээр онгиргон сагсуу байх цагийг тэр энд үзэж, үджээ. Эцэстээ бизнесийн шахаанд орж хөрөнгө оруулагч биш гэсэн нэрийдлээр ажлаасаа гарав. Мөнгөгүй, нэр хүндгүй, шалдаа буусан өдрүүд. 

Яаж ч “миарсан” ч хуушуур хийгээд л босоод ирнэ гэж ярьдаг тэр хэлсэнээрээ хуушуураа ч зарж үзэв. Гэхдээ зүгээр ч хуушуур зарчихсангүй, хуушуур хайрах машин ч зохиогоод амжив. Эндээс ойлгосон нь зүйл нь түүний мөрөөдөл мөнгө олох биш хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх байлаа...

Түүний ажиллах арга барил тун сонин. Нэг зэрэг маш олон төслүүд дээр ажилладаг. Өдөрт хэдэн арван хүнтэй уулзаж, нэг санаанаас нөгөө санаа руу үсчиж явдаг гэж тэр өөрийгөө тодорхойлсон. Хэрэггүй мэдээлэлд цаг зарахгүйн тулд өөртөө зориулсан дата систем бүтээчихсэн. Түүнээсээ мэдээллээ авч түүний өглөө эхэлдэг аж. Байнга хэрэглэдэг нь Google sheet, messenger, viber, note гэсэн.

Ойрын өдрүүдэд тэр завгүй өдрүүдийг үдэж байгаа гэнэ. Их ажлын ард гарахын тулд 4 цаг л унтаж амардаг, нойргүй хонох шөнүүд цөөнгүй байгааг ч дурьдсан. Үүнийгээ Ч.Анар “Сайрхаад байх зүйл биш. Цагийн менежмент тааруу байгаагийнх” гэсэн юм.