Он гараад  анхны IPO-г гаргаж буй ЛэндМН хувьцааны захиалга өнөөдрөөс авч эхлэлээ. Тус компани өнөөдөр 9 цагт Хөрөнгийн бирж дээр нээлтээ хийж цан цохих ёслолын арга хэмжээ нь болж өнгөрсөн юм.

Монголын анхны финтек компанийн IPO, Монголд гадаадын мэргэжлийн компани анхдагч зах зээлээс хувьцаа худалдан авч буй анхны үйл явдал болж буй гэдгээрээ хувьцааны зах зээлд онцлогдож буй. 

Мөн нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулж буй “Лэндмн ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг бүртгэх юм. Үүнээс 12.5 хувийг нь буюу 100 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон, мөн 12.5 хувь буюу 100 сая ширхэгийг тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад тус бүрийг нь 25 төгрөгийн тогтоосон үнээр худалдахыг зөвшөөрчээ.

Тус компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар олон нийт болон тодорхойлсон хөрөнгө оруулагчдад хувьцаа арилжаалж нийт 5.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг өөрийн үндсэн бүтээгдэхүүн болох хэрэглээний зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах юм.

Хэрэв та “МИРЭ ЭССЕТ СЕКЬЮРИТИС МОНГОЛ ҮЦК” ХХК-д үнэт цаасны данстай бол шууд захиалга өгөх боломжтой ба үнэт цаасны дансгүй бол “Лэндмн аппликейшнаар дамжуулан үнэ төлбөргүй дансаа нээлгээд хувьцааны захиалга өгөх боломжтой ажээ.