"Үндэсний хас хөдөлгөөн"-ий тэргүүн Ш.Нанжид, "Баялгийн эзэд" ТББ-ын тэргүүн н.Баярхүү "Шударга иргэдийн фронт"-ийн тэргүүн Г.Арслан нар өнөөдөр Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн 13 жилийн хугацаанд Монголд үүсч буй улс орон болон иргэдийн эрх ашгийг зөрчсөн асуудал, шийдвэрийг эсэргүүцэн жагсаал, цуглаан зохион байгуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Иргэний хөдөлгөөнүүд нэгдэн "Эх орончдын нэгдсэн холбоо"-г байгуулжээ. Тэд улс оронд өрнөж, нийгэмд тулгамдаад буй асуудлаар долоо хоног бүрийн нэг өдөр иргэдэд мэдээлэл хүргэж, хэвлэлийн бага хурал хийж байхаар болжээ.

Тус холбооныхон өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаар мэдээлэл хийв.

Энэ үеэр "Шударга иргэдийн фронт"-ийн тэргүүн Г.Арслан "Өнөөдөр утаа, бензиний асуудал гээд маш олон зүйлийг нийгэм даяараа ярьж шуугиж байна. Гэвч үүний цаана маш чухал зүйлийг далдуур хийж байна. 

Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш Монголын саалийн ганц үнээ байсан. Одоо ч бараг хэвээрээ. 1976 онд ОХУ-тай байгуулсан хууль дүрэм болон бусад хуулийг зөрчиж Ч.Сайханбилэгийн Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг Монголын хувийн байгууллагад хүчээр авч өгсөн. Тухайн үед бид үүнийг эсэргүүцэж байсан. 

Бидний тэмцлийн үр дүнд 2017 оны 7 дугаар сарын 4-нд МАН-ын буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ өгнө гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ маш зөв шийдвэр байсан. Гэтэл түүнээс хойш хэсэг хугацаанд Шүүх тус хувийг дээрэмчин, хувийн хэдэн компанид өгөх шийдвэрийг гаргасан. Засгийн газар сая дахин буцааж авахаар боллоо.

Гэхдээ энд нэг "но" байна. 49 хувийн 10-хан хувийг ард түмэнд хувьцаагаар тараана гэсэн. Бусад 39 хувийг нь яах гэж байгааг бид гайхаад буй юм. Тэр 39 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулаад зарна гэж байна. Түүнийг хэн авах вэ. Магадгүй нөгөө хэдэн луйварчид л авна. Жирийн иргэдэд тэр хувьцааг авах мөнгө байхгүй. Үүнийг бид яагаад ч хүлээн зөвшөөрөх ёсгүй. 

Эрдэнэт үйлдвэр гэдэг зөвхөн Эрдэнэт хотод байгаа уулын баяжуулах үйлдвэр биш. Тэр 49 хувь дотор "Монголросцеветмет" компани, түүний дотор 30-аад лиценз, Асгатын мөнгөний орд байгаа. Энэ бүгдийн хувь заяа буюу үлдсэн 39 хувийг Монголын хэдэн луйварчин, сүүлийн 28 жилийн хугацаанд Төрөөс төрсөн тэрбумтнууд хувааж авах нөхцөл бий болж байна. Үүнийг бид эсэргүүцэж байна" хэмээн мэдэгдлээ.