“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэгч аж ахуй нэгжүүдтэй гэрээгээ дүгнэж, дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж байгаа юм. Тус төвөөс Засгийн газрын 320 дугаар тогтоол хэрэгжүүлж, нүүрсний тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгжүүдийн жолооч нарт эрүүл мэнд, нийгмийн даатгал төлсөн байх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх зэрэг шаардлагыг тавьж буй. Ингэснээр Гашуун сухайт боомт дээр үүсээд байсан нүүрс тээвэрлэж буй авто машины урт цуваа арилжээ. Гашуунсухайт дахь гацаа байхгүй болсноос гадна энэхүү тогтоолын дараа жолооч нарын нийгмийн асуудал цэгцэндээ орсон байна. 

Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатараас тодруулахад “Засгийн газрын 320 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш олон жил яригдсан асуудал зөв гарцаа олоод шийдэлд хүрсэн. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт руу замд гарсан машинууд бүгд боомтоор гарч байгаа. Хуучных шиг зам дээр хоноглодог явдал бүрэн арилж асуудал түгжрэлгүй болсон. Өдөртөө Хятадын талаас хэдийг татах сонирхолтой байна, тэр хэмжээгээр гаргаж байгаа ” гэв.

Өчигдрийн байдлаар нүүрс ачаатай 120 тээврийн хэрэгслээр 7800 тонн нүүрс тээвэрлэн гарч, ачаагүй 348 хоосон тээврийн хэрэгсэл орж ирсэн бөгөөд тээвэрлэлтийн цуваа үүсээгүй хэвийн үргэлжилж байна.