Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах асуудал олон жил яригдсан ч шийдвэрлэгдэхгүй удааширснаас шалтгаалан тэнд ажиллаж байгаа албан хаагчид Цагаан хадаас зөөвөрлөн авчирсан усыг худалдан авч хэрэглэж байна. 

Хатуулаг ихтэй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус хэрэглэх нь албан хаагчдын хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж байгаагийн зэрэгцээ ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлыг ч ихэсгэдэг. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаар ажиллаж байхдаа өгсөн үүргийн дагуу МХЕГ-аас энэ асуудлыг Засгийн газарт оруулж, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар тогтоолоор хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлснээр цистерн автомашиныг тендерээр худалдан авч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олонд гардуулан өглөө. 

Эрүүл ахуйн шаардлага хангасан ус худалдан авах, тээвэрлэхтэй холбоотой бүхий л зардлыг улсын төсвөөс ийнхүү шийдвэрлүүлсэн нь Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газрын 200 гаруй албан хаагчдыг ундны цэвэр усаар өдөр тутам хангах бололцоотой болж байна. 

Мөн ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн ашиглалтын нөхцөл дээшилснээр хүн, мал, амьтны гоц халдварт өвчин улсын хилээр орж ирэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. 

МХЕГ