Төрөхөөр ЭХЭМҮТ-д хэвтэж байсан 17 настай эмэгтэй цонхоор үсэрч, хүүхэд нь эндсэн, улмаар өөрөө ГССҮТ-д хүргэгдсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнөө өглөө гарчээ.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал АУ-ны доктор, Клиникийн профессор зөвлөх Г.Баттулга өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Урд шөнө 17 настай, жирэмсэн Ё.А манай эмнэлэгт ирж хэвтсэн. 16.55 цагт төрөх үйл ажиллагаа эхэлсэн байгаа. 37 хоногтой, ураг орчмын шингэн эрт гарсан гэсэн оноштойгоор төрөхийн өмнөх өрөөнд хянагдаж байсан хүн цонхоор үсэрсэн золгүй явдал тохиолдсон. Тухайн үед доор эт байсан ард иргэд тусламж үзүүлж, тосож аван унаж буй хүчийг нь бууруулсан байгаа.

Тусламж үйлчилгээ болон шинжилгээнүүдийг бүрдүүлээд, гэмтлийн эмчийг дуудан ирүүлж, үзлэг хийлгэсэн. Төрөх өрөөнд буцааж авчирч төрүүлсэн. Төрүүлэх явцад 3 кг жинтэй, 50 см амьгүй ураг төрсөн. Оюун ухаан болон орчны харьцаа хэвийн явагдаж байсан. Гэвч өндрөөс унасан, доргилт авсны улмаас хүнд гэмтэж, Гэмлийн эмнэлэг рүү очиж, тусламж үйлчилгээ авсан.

Жирэмсний хяналтын явцад тухайн ээж шинжилгээнүүдээ бүрэн гүйцэт өгч байсан, онц анхаарал татахаар өөрчлөлт байгаагүй. Төрөх үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Төрөх үйл ажиллагаанд гажуудал, анхаарал татах зүйл байгаагүй. 

Тухайн эмэгтэй өөр нэг эмэгтэйтэй нэг өрөөнд байсан Тэр эмэгтэй нь хажуу талын өрөөнд орох үед цонхоо онгойлгон ийм золгүй, харамсалтай явдал болсон. Тухайн үед сахиж байсан ар гэрийнхэн нь түр гэр рүүгээ явсан байсан" хэмээн мэдэгдлээ.