Ард секюритиз үнэт цаасны компанийн санхүүгийн шинжээч Г.Долгорсүрэнтэй үнэт цаасны зах зээл, хувьцаа гэж юу болох, хэр хугацааны дараа ашигаа өгдөг талаар ярилцлаа.

-Үнэт цаасны зах зээл сэргэж байна гэсэн мэдээ их дуулдах болсон. Бодит байдал дээр хэр өсөлттэй байна вэ?

-Улс орны эдийн засаг сайжирч байгаатай холбогдуулан үнэт цаасны зах зээл сэргэж байна. Ялангуяа сүүлийн нэг жилийн хугацаанд үнэт цаасны данс нээж, арилжаанд орж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Монголын хөрөнгийн бирж дээрх өдрийн арилжааны хэмжээ өндөр дүнтэй болж оролцогчдын тоо илт ихэссэн.  Тоон дүнгээр хэлбэл 19 мянга 554 иргэн, ААН шинээр үнэт цаасны данс нээжээ. Анхдагч зах зээл буюу ХХК -иас хувьцаат компани болж олон нийтэд санал болгосон нь 1,3 тэрбум төгрөг, хоёрдогч зах зээл буюу нэгэнт бирж дээр хувьцаагаа гаргачихсан компаниудын  хувьцаа арилжаалсан дүн нь 75,1 тэрбум төгрөг болсон байгаа.  

Ганц хувь хүн гэлтгүй албан байгууллагууд ч гэсэн  мөнгөө хадгаламжинд хийж хадгалуулах биш хөрөнгө оруулалт хийх сонирхолтой болжээ.

-Хувьцаа эхлэн сонирхож байгаа хүмүүст юу анхааруулж хэлэх вэ?

-Эхний ээлжинд олон жил үйл ажиллагаа явуулсан, хамгийн эрсдэл багатай компаниудаа  сонгохыг зөвлөнө. Бас тухайн компанийн талаар мэдээлэл, санхүүгийн тайланг олж үзээрэй. Компанийн засаглалыг харж үзэх нь маш чухал. Тухайн компанийг хэн, хэдэн хувьтай удирдаж байгааг харж  хэр хугацаанд хэдий хэр хэмжээний мөнгөө оруулахаа шийдээрэй. Зарим иргэд хэн нэгний хэлсэн үгээр сонголтоо хийж төөрөгдөх нь бий. 

Хамгийн гол нь ийм дам яриагаар бус үнэн бодит мэдээллийг эх сурвалжаас нь авах хамгийн чухал. Тухайлбал Монголын хөрөнгийн биржийн сайт бий. Энэ сайтаар орж ямар хувьцаа өсч буурч байгааг харж болно. Энд компаниудыг 3 ангилчихсан байдаг.  Нэгдүгээр ангилалд олон жил үйл ажиллагаа явуулсан эрсдэл багатай, 2 дугаар ангилалд арилжаа нь дунд зэрэг явагддаг, 3 дугаар ангилалд хамгийн эрсдэл өндөртэй компаниуд багтдаг. Нэгэнт ингээд төрөлжүүлээд өгчихсөн учраас эхлэн сонирхож байгаа хүмүүс эрсдэл багатай компаниудын хувьцааг сонгож хөрөнгө оруулахыг зөвлөнө.

-Хувьцааг ер нь хэдий хугацааны дараа ашиг өгнө гэж тооцоолж авах нь зөв бол?

-Олон улсын хөрөнгийн зах зээлд /Хонконг, Торонтогийн хөрөнгийн бирж дээр/ үүсмэл үнэт цаас хөгжчихсөн. Энэ нь хувьцааг худалдаж авахгүйгээр ханшийн зөрүүнээс нь ашиг хийдэг гэрээ юм. Ийм процесс олон улсын зах зээл дээр илүү хөгжчихсөн учраас олон улсын бирж дээр хувьцааны савалгаа өндөр байдаг. Монголын зах зээл дээр ийм систем хэрэгжиж эхлээгүй, оролцогчдын тоо бага, оруулж байгаа мөнгөн дүн ч их биш. Ийм учраас өдөртөө, долоо хоногтоо огцом өсч буурдаг хувьцааны тоо харьцангуй бага. Хувьцаагаа авсан бол та дор хаяж хагас жил дарах хэрэгтэй болно.

Анх хувьцаа асууж байгаа хүн, жилийн өмнө аваад алдаж оноод үзсэн хүний ойлголтын хооронд алд дэлэм зөрүү бий.

Би хүмүүст эхлээд бага хэмжээний мөнгөөр хувьцаа аваад сонирхоод үз гэж зөвлөх дуртай. Хүн өөрийн туршлагаараа үзэж баталгаажиж ойлгосон зүйл рүүгээ илүү тэмүүлдэг шүү дээ.


-Энэ хугацаанд өсөх, буурахын аль нь ч байж болох нь ээ?

-Хэд дахин нугарсан их ашиг эсвэл авсан дүнгээрээ ч байж болох юм. Үүнийг таашгүй. “Хувьцаа гэдэг бол азын сугалаа биш, харин бизнес эзэмших эрх гэдгийг хүмүүс мартах нь олонтаа” үнэт цаасны зах зээлд ноёрхогчдын нэг Питер Линч хэлсэн байдаг. Энэ бол тухайн хүн аль нэг компанийг сонгож хувьцааг нь авсанаараа нэг хэсэг нь болж буйг хэлж байгаа хэрэг. Учир нь тэр компани таны хөрөнгийг ашиглаж эргэлдүүлж байгаа шүү дээ.Тухайлбал А гэдэг даатгалын компанийн хувьцааг авсан хүн мэдээж тэр компанидаа автомашинаа даатгуулна, аль нэг охин компаниар нь үйлчлүүлэх дуртай байж таарна. Яагаад гэвэл тухайн үйлчлүүлж байгаа зардал, шимтгэл нь буцаад танд ашиг өгөөжөө өгөх юм. 


-Арилжааны шимтгэл хэр өндөр байдаг вэ?

-Арилжаа хийхэд авах болон зарах шимтгэл мөнгө гэж бий. Дунджаар 2-2,5 хувийн арилжааны шимтгэл төлдөг. Энэ нь МХБ, СЗХ, ҮЦТТХТ, брокерийн компанидаа хуваагдаж орно. Одоогоор арилжааны хэмжээ бага тул шимтгэл бага зэрэг өндөр байгаа. Мэдээж үнэт цаасны зах зээлд олон хүнийг хамруулаад идэвхжүүлээд ирвэл багасах учиртай. 


-Хувьцааны ард их хэмжээний ашиг, алдагдал хоёр дагаж явдаг. Хамгийн гол эрсдэл нь юу юм бол?

-Хувьцаа бол хамгийн эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалт. Яагаад гэвэл банк шиг тодорхой хүү амлахгүй. Та зөвхөн ханшийн зөрүүнээс ашиг алдагдал хийнэ гэсэн үг. Хэр их ашигтай байна тэр чигээрээ эрсдэл бас л дагаж явдаг. 

Ашиг үзэхийн тулд тэвчээр хэрэгтэй. Бас та өөрийн даах эрсдлийн хэмжээгээрээ хөрөнгө оруулах нь чухал. 

Тийм учраас л үнэн зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй. Магадгүй авсан хувьцаа нь унаж байлаа ч урт хугацааны дараа өгөөжөө өгнө гэдгийг олоод харчихсан бол үр ашигаа амсана. Юу ч мэдэхгүйгээр орвол өндөр  эрсдэлтэй. Уоррен Баффетийн “Хөрөнгийн зах зээл гэдэг бол тэвчээргүй нэгнээс нь авч, тэвчээртэйд нь шилжүүлж өгөх л үйл явц юм” гэсэн үг бий. Хамгийн гол нь хөрөнгө оруулахдаа хугацаагаа төлөвлөх хэрэгтэй. Жилийн дотор хэрэгцээт мөнгөө хувьцаанд оруулах ямар ч шаардлагагүй.


-Хувьцаагаа гаргачихаад дампуурах тохиолдол бий юу?

-Тухайлбал “Анод банк” байна. Тэр үед  банк IPO хийнэ гэдэг хөрөнгийн зах зээл дээр шинэ зүйл байлаа. Гэвч амжилтгүй болсон. Үүнээс болж хаширч, хөрөнгийн зах зээл дээр хүч үзэх итгэлээ алдчихсан хүмүүс бий.

Монголын хөрөнгийн биржид анх /1991-1994 он/ цэнхэр ягаан тасалбар тараах үед 500 гаруй компани хувьчлагдсан. Одоогоор 250 гаруй хувьцаат компанийн хувьцаа арилжаалагдаж байна. Үлдсэн нь татан буугдсан. Тухайн үед тэр олон компаниас сонголт хийнэ гэдэг  маш их эрсдэл байлаа. Ямар ч мэдээлэлгүй үе шүү дээ. Азтай нь одоогийн томоохон компаниудын хувьцааг аваад үлдсэн. Гэтэл зарим хүний сонгосон компаниуд нь дампуурчихсан жишээ бий. 

-Одоо ч зарим хүмүүсийн гар дээр цэнхэр ягаан тасалбар үнэгүйдсэн хэвээр байгаа шүү дээ?

-Орон нутагт байгаа иргэдийн ихэнх нь цэнхэр ягаан тасалбараа мартчихсан яваа. 2017 оны 2 дугаар улирлын байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр 9 тэрбум төгрөг  гэхэд зөвхөн ногдол ашиг хэлбэрээр байна гэсэн мэдээ бий. Манай Ард секюритиз үнэт цаасны компаниас тухайн үед “Хөрөнгөө амилуулах аян” арга хэмжээг зохион байгуулж байлаа. Тэр үед маш олон хүн ирж үнэт цаасны дансаа шалгуулсан. 


-Тэдний дунд гэнэт их хувьцаатайгаа мэдсэн тохиолдол хэр олон гарсан бэ?

-Сонин түүх нэлээн хэд гарсан шүү. Пүрэвсүрэн гэж эмээ дансаа шалгуултал АПУ ХК-ийн 750 хувьцаатай байсан. 1991 онд 6750 төгрөгөөр авсан тэр хувьцаа нь өсөөд 10 сая төгрөг болоод өсчихсөн гэдгийг мэдээд бөөн баяр болсон. Бас нэмж 2 сая төгрөгийн ноогдол ашиг хүртсэн. Тухайн үед хувьцааныхаа талыг нь зараад Говь ХК-ийн хувьцааг 10 мянган төгрөгөөр  авсан юм. Гэтэл жилийн дараа өсөөд 22 мянган төгрөг болчихлоо. Азтай тохиолдол байгаа биз. Хэдэн жилийн өмнө Ард академи дээр ч гэсэн иймэрхүү зүйл болж байлаа. Тэр үед олон хүн Говь ХК, Ард санхүүгийн нэгдлийн хувьцаа, Монгол шуудан ХК-ийн хувьцааг авсан. Энэ жил ирээд өсчихсөн гэдгийг нь мэдээд гайхаж баярласан хүнтэй олон таарлаа.

Монгол шуудан ХК-ийн хувьцаа гэхэд 185 төгрөгөөс 600 болж өссөн. Жил хагасын дотор л 10 сая төгрөгөөр хувьцаа авсан бол 32 сая төгрөг болоод өсчихсөн байгаа юм.


-Ингэж өсөх хүртэл нэлээн хэд савласан уу?

-Анх Монгол шуудан ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр 185 төгрөгөөр арилжаалагдсан. Бараг гарсан даруйдаа өсч 300-350 төгрөг болж бараг нэг улирал явсан юм. Тухайн үед авсан мөнгөө нугалчихсан юм чинь гээд зараад гарсан хүн зөндөө. Эсвэл энэ үед нь орж ирээд өсөхгүй нь гээд хувьцаагаа зарсан хүмүүс ч бий. Гэтэл жилийн эцсээр Монгол шуудан ХК маш сайн ажиллаж тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Ингээд жилийн эцэс гэхэд хувьцаа нь 850 төгрөг болчихсон. 4,6 дахин өссөн гэсэн үг.  Зарим нь тэр үед хувьцаагаа зараад гарсан. Өнөөдөр гэхэд 500 хүртэл унасан боловч эргээд 600 төгрөг дээр тогтворжоод байна. 

Ер нь хувьцаанд хөрөнгө оруулж байгаа хүмүүст тэвчээр хэрэгтэй. Ашиг үзэхийн тулд цаг хугацааг хүлээхээс аргагүй. Харин хувьцаа ашигтай гээд хамаг юмаа зарж үрээд орж ирэх нь утгагүй. Яагаад гэвэл таны хүссэн цаг хугацаанд өсөхгүй ч байж мэднэ. Үүнийг тооцоолохын аргагүй. Тийм учраас хувьцааг сэтгэл хөдлөл дээр бус тооцоолол дээр суурилж худалдаж ав гэдэг. 


-Зарахдаа ч бас адилхан тооцоолох нь ээ?

-Гэнэт унаад ирэнгүүт хүмүүсийг дуурайгаад зараад байж болохгүй. Яагаад гэвэл тухайн үед хувьцааны үнэ унаж байсан ч үйл ажиллагаа нь хэвийн л бол цаашид өсөх магадлалтай. Жишээ нь Говь ХК-ийн нэгж хувьцаа өнгөрсөн намар 10 мянган төгрөг байснаа өвөл нь 35 мянган төгрөг хүрсэн. Саяхан 20 мянган төгрөг хүртэл уналаа. Гэхдээ 10 бас 20, 35 мянга байхдаа ч “Говь”-ийнхон үйл ажиллагаагаа сайжруулж ирсэн. Гэнэт мөнгөний хэрэгцээ гарах үед үнэ нь буучихсан байвал, ерөөсөө ханш нь унаж байна гэж яаран зарах нь алдагдалтай байдаг. 


-Хувьцааны огцом савалгааны шалтгаан нь юу байсан вэ?

-Засгийн газрын бодлого шийдвэр, макро эдийн засгийн нөлөө их бий. Бас хувьцааны онцлог нөлөөлдөг. Мэдээж “Таван толгой” ХК-ийн гэхэд 2016 оны зун гэхэд 800 төгрөг байснаа 2017 оны 2 сард 5000 болж өссөн. Одоо 13 мянган төгрөг болчихсон байна. 5000 төгрөгөөс огцом өссөн нь Хойд Солонгос хилээ хаасан, Австралид үер болсны улмаас Монголоос авах нүүрсний эрэлт огцом ихэссэнтэй холбоотой.

2016 он 6 сар
2017 он 2 сар
2018 он 5 сарын 28
800 төгрөг
5000 төгрөг
13000

-Сүүлийн үед технологийн компаниуд IPO гаргасан. Хүмүүс хэр хүлээлттэй байв?

-Айтүүлс, Лэнд.мн гэхэд анхдагч зах зээл нь хэд дахин давж биелсэн. Үүгээрээ ч Монголын хөрөнгийн биржийн том захиалгуудыг авч чадсан гэж үздэг. Айтүүлс гэхэд 100 төгрөгөөр гараад 280 хүртэл өсч байлаа. Өнөөдөр гэхэд 130 төгрөгийн ханштай дүн гарчээ. Энэ бол өсч байгаа ч гэсэн буурдаг гэдгийг харуулж байгаа юм. Дахиад өсч болно.

-Бондын тухайд юу хэлэх вэ, эрсдэл нь хэр өндөр вэ?

-Хэрэв та хадгаламжтай, түүгээрээ хөрөнгө оруулалт хийхийг хүсч байвал хувьцаанаас өмнө бонд авч болно. Бонд гэдэг бол тухайн компанийн гаргасан зээлийг шууд худалдаж авч байна гэсэн үг. Мөн л бонд авахаасаа өмнө хэр найдвартайг нь судлана. Сонголтоо хийсэн бол компанийн бондыг 18-20 хувийн хүүтэйгээр авч болно. Эхлээд бондонд хөрөнгө оруулалт хийчихвэл хувьцаа руу ороход илүү мэдээлэлтэй болчихно.Тэгээд ч эрсдэл багатай. Бас хадгаламжаас өндөр хүүтэй. Компанийн бондын давуу тал нь хувьцаа шиг зарж болдог.