Төрийн өмчийн эмнэлгүүдэд бөөр орлуулах эмчилгээний төрөл болох гемодиализ эмчилгээний аппаратын хүрэлцээ бага байдаг учир иргэдэд ихээхэн хүлээлт, бухимдал үүсгэдэг. Тиймээс иргэд хувийн хэвшлийн эмнэлгүүдэд өндөр өртгөөр эмчлүүлэх нь олон байдаг. Уг асуудлыг шийдвэрлэж, гемодиализ эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар зарим хувийн хэвшлийн эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Агапе, Асию, Интермед, Киднейкэр, Люксдиализ, Улаанбаатар мед, Эрин зэрэг  хувийн хэвшлийн долоон эмнэлэгтэй гэрээ байгуулж, гемодиализ эмчилгээ хийлгэсэн иргэдийн төлбөрийг төлөхөөр болжээ. Өнгөрсөн сарын 24-ний байдлаар  9151 даатгуулагчийн 1138.1 сая төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага хянаж олгосон байна.

Гемодиализийн аппарат ямар тохиолдолд хэрэг болдог вэ?

Бөөрний өвчлөл хүндрэхэд гемодиализийн аппаратад зайлшгүй орох шаардлага гардаг. Бүр тодруулж хэлбэл бөөрний дутагдалтай буюу өвчин нь төгсгөлийн шатандаа орсон хүмүүсийн амьдралыг аврах,  амьдрах хугацааг нь уртасгах эмчилгээний арга юм. Гемодиализмийн аппарат нь бөөрний өвчтэй хүний биеэсээ гадагшлуулж чадахгүй байгаа хортой бодис бүхий цусыг өвчтөний биеэс ялгаруулж  авдаг юм. Энгийнээр тайлбарлавал цусыг шүүж цэвэрлээд буцааж өвчтөний биед юүлж өгдөг эмчилгээний арга. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нэгдсэн эмнэлгүүд Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасагтаа бөөрний эмчилгээ хийдэг ч диализийн аппаратны хүрэлцээ муутайгаас болж, зарим өвчтөнөө өөр эмнэлэг рүү шилжүүлэх, эмчилж чадахгүйд хүрдэг асуудал бий.

Бөөрний дутагдлын үед илрэх шинжүүд

  • Ядарч сульдах: Бөөр нь хүчилтөрөгчийг биеийн эд эс рүү дамжуулдаг цусны улаан э үүсэхэд тусалдаг эритропоетин гэдэг даавар ялгаруулдаг. Эритроцит багасах хэрээрцус багадалт үүсч ядрах шинж тэмдэг илэрдэг. 
  • Давсагны хэвийн ажиллагаа өөрчлөгдөх: Бөөрний ажиллагаа муудахад шөнө ойр ойрхон шээх, шээсний өнгө хэтэрхий цайвар болж өөрчлөгддөг.
  • Хавагнах: Бөөр гэдэг эрхтэн бие махбодоос хэрэггүй хортой бодисыг шүүж, ялгаруулдаг. Энэ үйл явц алдагдахаар илүүдэл шингэн биеийн хэсгүүдэд буюу нүүр, гар, хөл, шагай, шилбэнд хуримтлагдаж хаван үүсгэдэг.
  • Хуурайшилт, тууралт, загатнах: Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдаж цусанд хортой бодисууд хуралдсанаар арьс хуурайшиж, арьсан дээр загатнаж, тууралтууд гарч эхэлдэг.
  • Ууц нуруугаар өвдөх: Эхлээд ууц нурууны нэг талаар өвддөг байсан бол сүүлдээ хоёр талаар өвдөх шинж тэмдэг илэрнэ.
  • Хүндрэхэд илрэх шинж: Хүндрэхээрээ огиж бөөлжих, хоол идэж чадахгүйд хүрдэг. Бас нэг тод шинж нь эвшээхэд амнаас шээс үнэртдэг. Шээс бөөрөөр ялгарч гарахгүй цусандаа хуримтлагдсан учраас амнаас үнэртэж байгаа хэрэг.