Бороотой энэ өдөр үдийн цайнд бид бяслагтай бялуу идэхээр Арнштадыг зорилоо. 1 цаг яваад энэ хотод хүрнэ. Арнштадын баруун хэсэгт Фишэр хэмээх нэртэй жижигхэн бялууны газар бий. Гаднаа энгийн хуучин харагдах энэ газар дотроо 16м2 -аас ихгүй өрөөнд олон янзын бялуу, талхыг эгнүүлэн тавьжээ. Энэ газрын эзэн Андреас Фишер гэр бүлийн бизнесийнхээ тухай товч дурдав. 1622 оноос эхлэн үе уламжлан дамжиж буй гэр бүлийн бялууны газар. Энд зууханд барьсан талхнууд мөн худалдаална. Өглөөний 4 цагт ажлаа эхэлж 17:00 цаг дуусна. Эднийхэн 9 үеэрээ ажиллаж байгаа гэнэ. Талхчин хүн эрт босох ёстой байдаг. Энэ бол германд байдаг л нэг энгийн түүх. 

Хот, тосгон, малчны хот айл бүрт уламжилж ирсэн технологи бий. Зарим махны мухлаг 400 жил, хүүхэлдэйн оёдлын газар 300 жил, шаазан ваарны дэлгүүр 400 жил, талхны газар 500 жил гээд. Үүнээс нэг л зүйл харагдана. 

Юмыг чанартай, тууштай хийхийн үр шим. Гэтэл 500 жилийн хугацаанд Герман улс өөрөө асар их өөр өөр түүхийн замаар явж ирсэн байдаг.

Олон ч удаа дайн дажин болж, хаант засаг нуран унаж, үйлдвэржилт явагдаж, социал улс үүсч, дараа нь гитлерийн дарангуйлал эхэлж, социалист орон болж эцэстээ өдгөөгийн хөгжингүй зам дээр иржээ. Гэвч энэ түүхийн ээдрээтэй, олон салаатай, бартаатай замд тэд гэр бүлийн бизнес, гэр бүлийн уламжлал технологио орхисонгүй. Уламжлуулан үлдээж, үе хойчоо сургасаар.

Өлсгөлөн, тахал, ажилгүйдэл дунд тэд бас үүнийгээ гээсэнгүй. Жижиг дунд үйлдвэрлэл, гэр бүлийн бизнес гэдэг ийм л хатуу ширүүн замыг туулж, хөгжиж ирдэг бололтой. Өнөөдөр нийгэм хөгжихийн хирээр үе уламжилж ирсэн бизнесийн нэр хүнд өсөж, чанар гэдэг үгтэй холбогдох болжээ. Тэд тогтвортой, арвин туршлагатай, байнгын үйлчлүүлэгчтэй, өөрийн онцлог амт, технологитой, хэзээд үр хүүхдүүд нь ажлын байртай байдаг. Энэ хугацаанд чанаргүй нь цагийн аясаар мартагдан арилж, чанартай нь үлдэж хоцорчээ. Тэд өнөөдөр германы соёл, түүхийн салшгүй хэсэг болж байна.