Монгол улс Скрининг шинжилгээг хийдэг болоод таван жил болжээ. Нярайн Скрининг шинжилгээ гэдэг нь хүүхдийг төрсний дараагаар өсгийнөөс нь бага хэмжээний цусны дээж авч шинжлэх үйл явц. Энэхүү шинжилгээг хийснээр тухайн нярайд бодисын солилцоо, дотоод шүүрэл, удамшлын эмгэгүүд байгаа эсэхийг эрт илрүүлэх боломжтой аж.  Олон Улсын Нярайн Скрининг Шинжилгээний Холбооны Ази Номхон далайн бүсийн 10 дугаар  чуулган өнөөдөр Монгол Улсад боллоо. 

Чуулганы үеэр Монголын нярайн тандалт шинжилгээний нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Скрининг шинжилгээг хийлгэснээр нярай хүүхдийн ямар эмгэгийг илрүүлж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар дэлхийн 75 улс нярайн скрининг шинжилгээний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гадны улсад энэ төрлийн шинжилгээгээр хүүхэд 3-50 гаруй төрлийн эмгэгтэй эсэхийг шинжилж оюуны хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоос урьдчилан сэргийлдэг. Харин манай улсад хоёр төрлийн өвчнийг илрүүлж байна.  

-Энэ удаагийн чуулганы давуу тал юу вэ?

-Энэ удаагийн чуулга уулзалт Монголд анх удаа болж байна. Нярайн скрининг гэж ямар төрлийн шинжилгээ болох, алдаа эндэгдэлгүйгээр бүрэн утгаар нь, эмч мэргэжилтнүүддээ илүү мэдээллийг өгч байгаагаараа давуу талтай.  Манай улс сүүлийн таван жилийн хугацаанд 13230 хүүхдийг шинжилгээнд хамруулснаас 6 мянган хүүхдийг нь сүүлийн нэг жилд хамруулсан. Энэ бол  бидний хувьд маш том амжилт. 

-Шинжилгээнд хамруулсан хүүхдүүдээс эмгэгээс урдчилан сэргийлсэн хэдэн тохиолдол байгаа вэ?

-Скрининг шинжилгээг хийснээр есөн хүүхдийн өвчний шинж тэмдгийг эрт илрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоос нь урьдчилан сэргийлж чадсан. 

-Хүн бүр хүүхдээ скрининг шинжилгээнд хамруулах боломжтой юу? 

-Нярай хүүхэд бүрийг хамруулах боломжтой. Нийслэлийн бүх төрөх газруудад нярайн скринингийн шинжилгээ хийж байгаа.

-Монголдоо энэ төрлийн шинжилгээг бүрэн төгс хэмжээгээр хийдэг болохын тулд тулгамдаж буй гол асуудал юу байна вэ?

-Шинжилгээг бүрэн тогтолцоогоор хийдэг болоход тулгамдаж буй гол асуудал бол эдийн засгийн хүндрэл.