Германы Эрфурт хотоос бичиж байна.

Бичиж байсан зүйлээ хойш тавиад кофены машинаа асаачихаад цонхоор харж зогсов. Радиогоор Украйнчууд хэрхэн энд аусбилдунг хийж буй тухай ярьж байна. Өмнө нь би та бүхэнд Германд суралцах тухай зөндөө л хүргэж байсан. Дараа нь буруутан болдог учраас энэ сэдвээр бичих дургүй болсон билээ. Гэвч эгэл жирийн хөдөлмөрч, сурах чин хүсэлтэй залуусыг харахаар сурах зөв замаа олохгүй төөрөлдөж явснаа би санадаг.

Гадаад хэл сурахаасаа өмнө би эхлээд хаана үнэ төлбөргүй сурч чадах вэ гэж судалж үзсэн юм. Ямар гадаад хэл гэдэг нь чухал байгаагүй. Гол нь тэр хэлээр би юу эзэмших вэ, юуг мэдэж авч хэрхэн цаашид амьдрах вэ гэдэг чухал байв. Тиймээс англи америк японд сурч чадна гэдэгтээ итгэлгүй байсан. Төлбөр төлөх мөнгөгүй бол дахиад л олон жил хоосон мөрөөдөх болно гэж бодож байсан л даа. 

Дэлхийн булан бүрээс олон залуус Германд суралцахаар ирж байна. Тэр дундаа их дээд сургуулиас гадна Аусбилдунгээр. Аусбилдунг гэдэг нь мэргэжил эзэмшүүлэх 3 жилийн сургалт. Үүнд суралцахад герман хэл хэрэгтэй. Шууд компаниудад өргөдөл гаргадаг тул тухайн өргөдөл тэнцсэн тохиолдолд сураад ажиллаад цалинжаад явдаг сургалт. 

Одоогийн байдлаар германд хэрэгтэй байгаа мэргэжилтэнгүүд нь 2017 оны Боннын мэргэжил сургалтын төвийн судалгаагаар нарийн боов, бетон, барилгын ажилтан, рестораны мэргэжлийн ажилтан, мах боловсруулагч, сантехникч, барилгын засварчин байна.

Хамгийн их өргөдөл ирдэг мэргэжлүүдэд номын худалдаачин, хэвлэлийн дизайнер, амьтан сургагч, хэвлэлийн технологич, биологийн лаборант, фотозурагчин, химийн лаборант байна. Мөн цэцэрлэгч, санхүү, татварын аусбилдунг бас бий. Цалин эхний жил дунджаар сарын 750 евро. 2-3 дахь жилээс 1000-1200 евро болж нэмэгддэг гэж мэдээлжээ. Гэвч тухайн мэргэжлээс шалтгаалан цалин харилцан адилгүй байна.
Онол, практик хосолсон энэхүү сургалт гадаад оюутнуудын хувьд хурдан хөлөө олж, шууд ажилтай болох боломж олгодог.