УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэлээ.

Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 73 гишүүний нь 40 буюу 54.8  хувь нь эсэргүүцлээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн олонх буюу 40 нь У.Хүрэлсүх, түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэв.

Ингэснээр Засгийн газар огцрохооргүй боллоо.

Өнөөдрийн чуулганы хуралдаан өглөө 10.00 цагт эхэлсэн бөгөөд чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж, хуралдаанд нийт 75 гишүүний 73 нь оролцож, санал хүсэлтээ хэлж, Ерөнхий сайдаас асуулт асууж, санал хураалтад оролцлоо.