УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Нийт ажил олгогчдын 80 хувь нь жижиг дунд бизнес эрхлэгчид. Иймээс жижиг дунд бизнес эрхлэгчид бухимдалтай байна. Үүнийг байж болохгүй ёс суртахууны алдаа гээд байгаа юм. Гэтэл дэд хороо, байнгын хороо байж болох зүйл гэж шийдвэр гаргаад байгаа юм. Би Халдашгүй байдлын дэд хороонхноос асуумаар байна.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсэх боломжтой гэж үзсэн дөрвөн гишүүн байгаа учраас УИХ-д оруулж ирсэн. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Халдашгүй байдлын дэд хороо хоёр өдөр хуралдсан. Хувь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон УИХ-ын дархлаатай холбоотой асуудал яригдаж байна. Шалгалтын ажиллагаа дуусаагүй байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй үлдээснээр халдашгүй дархан байдал нь хэвээр үлдэж байгаа асуудал биш. Энэ удаад түдгэлзүүлэх боломжгүй байна гэж үзсэн.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Монголын түүхэнд хамгийн хар Их хурал болж байна. Есөн удаа хойшилж хойшилчихоод арав дахь дээрээ шөнө хуралдсан. Ийм муухай хараал жатгатай хуралд суухаасаа ичиж байна. Саяны дөрвөн гишүүнд шир цаашаа болчихсон. Өөрсдийнх нь тухай ярьж байхад товчлуур даруулмааргүй байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гишүүнээр нь аваад үлдэх нь тодорхой юм чинь ахиж гишүүний асуудал оруулж ирэх хэрэг байна уу, М.Энх-Амгалан прокурор оо. Энэ шударга ёс яриад байгаа хүмүүс 60 тэрбумын хэргийг шалгуулах ямар ямар хүсэлт гаргаж байсан бэ?