Дэлхий дахин уламжлалт хэлбэрээс илүүтэйгээр цаг хугацаанд хэмнэлттэй дижитал банкийг сонгон хэрэглэх болжээ. Финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ гэж чухам юу болох, хэрэглэгчдэд ямар боломж, давуу талтай талаар Ард Санхүүгийн Нэгдлийн Дижитал технологи хариуцсан захирал Г.Тэнүүнтэй ярилцлаа.

-Финтек гэж юу вэ, хамгийн товчхон тодорхойлвол?

-Энэ бол санхүүгийн үйлчилгээнүүдийг технологиор шийдэж байгаа хэлбэр. Финтек компаниуд нь эдгээр санхүүгийн үйлчилгээнүүдийг сайжруулж, хэрэглэгчдэд хялбар, дөхөм болгох зорилготой ажиллаж байгаа.


-Тэгвэл монголчууд маань финтекийг хэр хурдан ойлгож хүлээн авч байна вэ?

-Би банк санхүүгийн салбарт олон жил ажилласан. Анх карт, кредит картын үйлчилгээг нэвтрүүлж байхад тийм ч хурдан хүлээж аваагүй. Хүмүүс карттай ч мөнгө орох л юм бол АТМ-ээс бүх мөнгөө авчихдаг байлаа. Байнгын бэлэн мөнгөтэй харьцаад сурчихсан учраас энэ шилжилт нь удаан үргэлжилж, урт хугацааны дараа л картын хэрэглээ өнөөгийн түвшинд хүрсэн юм. 

Харин одоо төлбөр тооцоог картаар биш гар утсаар хийдэг үе ирсэн. Финтекийн хувьд Монголд хурдан нутагшиж байна. Апп-ыг маш хурдан ойлгон хүлээн авч байгаа нь сайшаалтай. Ялангуяа залуучууд шинэ зүйлийг хурдан хүлээн авч, гар утсаараа олон ажлыг амжуулж, санхүүгийн үйлчилгээгээ гар утсаар авдаг болчихлоо.


-Дэлхий дахин санхүүгийн зах зээл финтек рүү хошуурч байна. Ард Санхүүгийн Нэгдэл ч үүнд нэгдлээ. Ard App дижитал банкны үйлчилгээг нэвтрүүлэхдээ та бүхэн олон улсын туршлагыг хэрхэн судласан бэ?

-Бидний сайн мэдэх WeChat, AliPay ямар функцтэй, яаж ажиллаж байгааг нь судалж үзэхэд бүх үйлчилгээг гар утас дээрээ нэг програм ашиглаад авах боломжтойгоор шийдэж байна. Хэрэглэгч цаг алдахгүйгээр санхүүгийн үйлчилгээгээ ч авчихдаг,  үзвэрийн билетээ ч захиалчихдаг, такси ч дуудчихдаг апп-ийг сонгох болсон.

Бид ч бас санхүүгийн хэрэгцээгээ нэг програм хангамжаар хангах зорилготойгоор ажиллаж байна.

Тийм ч учраас банкны үйлчилгээнээс гадна үнэт цаасны арилжаанд оролцох, даатгалаа хийх, криптовалютын дансаа удирдах, цахим худалдаа зэргийг нэг апп-д оруулсан. Цаашид бид програмаа байнга сайжруулж шинэчлээд явна. Энэ жил гэхэд манай апп дээр хэд хэдэн бүтээгдэхүүн шинээр нэмж оруулахаар төлөвлөөд байна.


-Финтек компаниуд хүчээ авч уламжлалт банкуудыг ч сандаргах төлөвтэй болчихлоо. Энэ чигээрээ үргэлжилбэл финтек компаниуд зээлийн хүүг бууруулах боломжтой юу?

-Өмнө нь банк санхүүгийн салбарт хэр олон салбар нэгжүүдтэй нь амжилтад хүрч байлаа. Харин өнөөдөр иргэд нь санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой байхад банкууд заавал өндөр зардалтай салбар нээх шаардлагагүй болчихлоо.

Нөгөө талаас тэр олон салбарууд нээх нь их хэмжээний зардал учраас зээлийн хүү өндөр гарахад нөлөөлж байна. Финтек өөрөө ийм зардал гаргахгүйгээр үйлчилгээ үзүүлж байгаа учраас ирээдүйд эрчимтэй хөгжиж зээлийн хүүг багасгах бүрэн боломжтой.

Одоогоор бид ББСБ-ынхаа дунд хамгийн бага хүүтэй зээлийг олгож байна. Цаашдаа ч банкаас доогуур хүүтэй зээл олгохоор зорин ажиллаж байна. Мэдээж цаг хугацаа шаардах ажил л даа.


-Бас нэг давуу тал нь технологийн давуу талаар өндөр хөгжсөн орнуудтай нэг түвшинд өрсөлдөх боломжийг олгож байх шиг санагддаг?

-Монголын компаниуд гадаадын зах зээлд гарч өрсөлдөхөд тун бэрх.

Харин технологи бол Монгол залууст гайхамшигтай боломж олгож байна. Хэрэв өөрсдөө хүсэж тэмүүлж, хийж чадвал тэр хөгжсөн орнуудтай нэгэн зэрэг гарч, нэг түвшинд өрсөлдөх боломж бүрэн дүүрэн бий. Манай залууст хэнээс ч дутахааргүй чадвар, боловсрол мэдлэг нь байна.

Гэвч систем хийж нэвтрүүлэх нь зөвхөн нэг хэсэг нь л юм. Харин түүнийг хэрэглэгчдэд хүргэж, амилуулж, амжилттай бүтээгдэхүүн болгох гэж маш чухал ажил бас байгаа.

-Лэнд.мн апп-аа гаргасан. Aрд Апп хэрэглэгчдэд ямар давуу тал олгох вэ?

-Онлайнаар зээл олгох нь манай Aрд Апп буюу Ard Digital Banking-ийн функцуудын жижигхэн хэсэг нь. Ерөөсөө харилцагчдын санхүүгийн бүх хэрэгцээг нэг дороос амар хялбар өгөх зорилготой.

Жишээ нь харилцах болон хадгаламжийн данстай. 

✔Эдгээр дансыг манай аль нэг салбар дээр ирэхгүйгээр өөрөө нээчих боломжтой. Мөн иргэний үнэмлэхнийхээ зураг, иргэний үнэмлэхээ барьсан селфи зургаа явуулахад л хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинэ харилцагч өөрийгөө бүртгэчихнэ.

✔Нээсэн дансаа ашиглаад банк хооронд шилжүүлэг хийнэ. Бас гар утсаараа үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг олгосон.

✔Интернэт худалдаа хөгжиж буй энэ үед онлайнаар худалдаа хийх боломжийг апп дээр оруулж өгсөн байгаа. Мөн тун удахгүй зээлээр онлайн худалдан авалт хийх боломжийг нэвтрүүлэх болно.

✔Ард Аппын хэрэглэгч болж, үйлчилгээ авах бүрт Ардын лоялти оноо өгөхөөс гадна өөрийн найз нөхдийг урин оролцуулбал мөн урамшуулал олгодог.

✔Даатгал хийлгэх, кино билет авах гэх мэтийн шинэ бүтээгдэхүүнүүд тун удахгүй нэмэгдэх болно.


-Aрд Апп-аар хэд хүртэлх төгрөгийн зээл авч болох вэ?

-100 мянгаас 2 сая төгрөг хүртэлх барьцаагүй зээлийг 5 минутад багтаж авах боломжтой. Эхний удаад хуулийн дагуу зайлшгүй өөрийн биеэр ирж гэрээ байгуулах шаардлага бий. “Монгол Шуудан”-гийн өөрт ойрхон салбартаа очоод гарын үсгээ зурчихаж болно. 


-Одоогоор Ард Апп-ийг хэдэн хүн татаж аваад байна вэ?

-Бид аппаа шинэчилж танилцуулаад сар ч болоогүй байхад 30 гаруй мянган харилцагчтай болчихлоо. Богино хугацаанд маш олон хүнийг ингэж хамруулна гэдэг финтекийн давуу талын нэг юм.


-Цахим санхүүгийн үйлчилгээг дагаж явдаг зүйл бол аюулгүй ажиллагаа. Энэ тал дээр хэрхэн анхаарсан бэ?

-Санхүүгийн программын ард хүмүүсийн мөнгө яригдана. Тийм учраас бид харилцагчийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлал дээр маш сайн анхаарч ажилладаг.

Манай программыг хөгжүүлсэн компани бол Монгол улсын банк санхүүгийн салбар дахь мэдээллийн технологийн нүүр царайг тодорхойлогч, 20 жилийн түүхтэй “GrapeCity” компани. Банкуудын программ хангамжийн 80 хувийг хөгжүүлсэн компани юм.

Ард Апп мань Монголын томоохон банкуудын хэрэглэж байгаа систем дээр суурилсан програм юм. Тэгэхээр харилцагчийн мэдээллийн нууцлал, гүйлгээний хамгаалалт шийдэл нь Монголын шилдэг банкуудын стандартаар явж байна.


-Удахгүй “Ард Кредит” IPO хийх гэж байна. Хамгийн гол онцолмоор байгаа зүйл бол энэ мөнгө үндэсний хөрөнгө оруулагчдынх учраас Монголдоо үлдэх нь ээ?

-Энэ бол нэгдүгээрт иргэд банк санхүүгийн байгууллагынхаа эзэн болох боломж юм.  Таны хэлсэнтэй ч санал нэг байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх банкууд гадаад эзэнтэй, дагаад ашиг нь гадаад руу гардаг нь нууц биш. Харин тэрхүү ашиг Монголдоо үлдэж, ашгаас нь иргэн та өөрөө хүртэх боломжийг бид энэ удаагийн IPO-өөр олгож байгаа юм. Aрд Апп-аар дамжуулаад энэ IPO-д оролцох боломжтой. Ингэж гар утсаараа арилжаа хийх нь хоёрдогч зах зээлийн арилжааг идэвхжүүлэх давуу талтай.

Иргэд ч нэг үеэ бодвол мөнгөө зөвхөн банкинд хадгалуулах биш хөрөнгө оруулалтын өөр хэлбэрүүд байдгийг ойлгодог болсон нь олзуурхууштай.


-Сүүлийн асуулт. Ард Апп-ийг гадны зах зээл рүү гаргах төлөвлөгөө бий юу?

-Үнэндээ Монголд банк, санхүүгийн байгууллага хангалттай олон байгаа. Яваандаа чанаржиж цөөрөх байх.

Бид Монголд дижитал банкны үйлчилгээний системийг нэвтрүүллээ. Ирээдүйд гадны зах зээл рүү гарах төлөвлөгөө бий. Үүний дагуу ажил хийгдээд эхэлчихсэн. Яагаад Монголчуудын хийсэн систем олон улсын зах зээл дээр гарч болохгүй гэж. Манай технологийн залуучуудын хийсэн бүтээгдэхүүн гадныхны хийснээс дутаад байх зүйлгүй. Бидэнд гадны зах зээлд өрсөлдөх боломж бий гэдэгт итгэлтэй байна.


/Төлбөртэй нийтлэв/