Өчигдөр Шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар өвөлжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, салбарын сайдууд үйл явцыг танилцуулсан. Үүний дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний салбарт хийгдэж буй шинэ бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өглөө. 

Ерөнхий сайдын өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

"Монгол Улсын хэмжээнд эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувийн өсөлттэй байгаа бол дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байна.

Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор одоо ажиллаж буй дулааны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр шинэ эх үүсвэрүүдийг барих ажлыг эхлүүлээд байна.

Тэргүүн ээлжинд “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ыг 250 МВт-аар, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц”-ыг 50 МВт-аар, “Дарханы дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ыг 35 МВт-аар тус тус нэмэгдүүлэхээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, Багануурын 700 МВт-ын дулааны цахилгаан станц,  Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцуудыг тус тус барихаар төлөвлөн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй найдвартай байдал, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах хүрээнд эрчим хүчний салбарт эхний ээлжинд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг тодорхойлсон Засгийн газрын 180 дугаар тогтоол батлагдан гарсан.

Энэхүү тогтоолоор эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталж, төслийг түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх, 2020 он хүртэл улсын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан улсын төсөвт дарамт үзүүлэхгүй нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын зүгээс дээрх төслийн эргэн төлөлтийн асуудлыг ярилцаж, холбогдох шийдвэрийг гаргах асуудал хүлээгдэж байна.

Өнгөрсөн оны байдлаар эдийн засгийн өсөлт 1.0 хувьд хүрч бууран, олон тооны аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа бууруулж, зогсоож байсан бол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Эдийн засгийг сэргээх хөтөлбөр, макро эдийн засгийн бодлого зөв зүйтэй чиглэлд хэрэгжиж байгаагийн үр дүнд оны эхний 9 сарын байдлаар манай улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд нааштай гарч барилгын салбараас бусад салбарт өсөлт гарч байна.

Засгийн газраас УИХ-д өргөн барьж батлуулсан 2018-2020 онуудын төсвийн хүрээний мэдэгдэл болон ирэх 2018 оны төсвийн төсөлд ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлт өөдрөг байж, өсөлтийн хандлагадаа орно гэсэн таамаглал дэвшүүлсэн. Үүнийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өсөлтийн таамаглал ч нотолж байна.

Улс орны эдийн засаг эргэн сэргэж, үйлдвэрлэл үйлчилгээний салбар өсөлтийн хандлагадаа орж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллагуудын эрчим хүч, дулааны хэрэгцээ өсөн нэмэгдэхээр байна.

2018-2019 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил тутам 5 орчим хувиар өсөх, дулааны эрчим хүчний хэрэглээ 4.0-4.5 хувиар өсөх төлөвтэй байна.

Ийнхүү өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд нийслэл, аймгийн төвүүд, үйлдвэрлэлийн гол бүсүүдэд эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх, нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах зэрэг ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх, төлөвлөсөн цаг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай байна.

Монгол Улсын гал голомт болсон түлш, эрчим хүчний салбарын ажил үйлс нь улам өөдлөн дэвжиж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье" гэв.