Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цацрагийн хяналтын лабораторид сүүлийн 5 жилд хийсэн хүнсний бүтээгдэхүүнд цацрагийн бохирдол, цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээг тоон үзүүлэлтээр графикаар харууллаа.

Тус судалгаанаас үзэхэд эх орны хүнсийн бүтээгдэхүүнд цацрагийн бохирдол илрээгүй байна. Харин импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнээс өмнө нь атомын станцын дэлбэрэлт болж байсан  бүс нутгаас ирдэг лаазалсан загас, хуурай сүү, гүрж ногоон цай зэрэг зарим нэр төрийн бүтээгдэхүүнээс илэрчээ. Энэ нь бага хэмжээгээр зохиомол цацраг идэвхт изотоп Цэзий-137 юм. Гэхдээ “цацрагийн аюулгүйн норм-2015” стандартаас хэтэрдэггүй аж. 

Монгол улсад хүнсний  бүтээгдэхүүнд тавих хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын сүлжээ лаборатори болох Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн төв лаборатори, 21 аймгийн мэргэжлийн хяналтын лаборатори, Хилийн боомтуудын лаборатори болон Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори зэрэг лабораториудаар дамжуулан хийж гүйцэтгэж байна.

Дэвшилтэд технологи маш хурдацтай хөгжиж буй өнөө үед дэлхий даяар цөмийн физикийн технологийг ашиглан хийсэн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжүүдийг хүнсний аюулгүй байдлын хяналтын шинжилгээ судалгаанд өргөнөөр ашиглаж байна. Мөн хөгжингүй улс орнуудад цөмийн физикийн технологийг хүнсний зарим бүтээгдэхүүнийг цацрагаар шарж ариутгах, нян бактерийг устгах, хадгалах хугацааг уртасгах зэрэгт ашигладаг.  Манай улс ч бас  альфа, бета цацраг идэвхт изотопыг тодорхойлдог спетрометрийг системийг ОУАЭА-ын төслөөр авч хэмжилт шинжилгээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.