УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтнуудтай уулзаж, холбогдох үүрэг даалгавар өгөв.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгээс хүргэж байна.         

УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны зорилго нь ард түмнийхээ хүсэл зорилго, санаа бодолд тулгуурлаж, шинжлэх ухааны үндэстэй, нотолгоо баримтад тулгуурласан, парламентын мэтгэлцээнээр хууль тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах явдал мөн. 

Ийм их баялагтай улс орны ард иргэд яагаад ядуу, Улаанбаатар хот нь утаатай, түгжрэлтэй, цэгцгүй амьдарч байна вэ гэж өнөөдөр ард түмэн асууж байна. Энэ бүхэн эцсийн дүндээ ард түмний засаглах эрх хэр зэрэг хэрэгжиж ирсэн бэ, ардчилсан сонгуулийн үр дүнд ард түмнийхээ хүсэл зоригийг төлөөлөн байгуулагдсан парламент хэр ажиллаж, тэнд нотолгоо баримтад суурилсан хэлэлцүүлэг аль хэр өрнөж байна вэ, парламентын хянан шалгах үйл ажиллагаа ямаршуу хэрэгжиж байгаа вэ гэдэгтэй холбоотой, иргэдийн хүсэл зоригийн тусгал гэж ойлгож болно.

Бидэнд ард түмнийхээ хүсэл хүлээлтэд нийцсэн, тэдний засаглах эрхийг хангасан өөрчлөлтийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.

Өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай. Ингэж байж Монголын хууль өргөн уудам нутгийнхаа бүх газарт хүрч, бодитой хэрэгждэг жишиг тогтоно.

Мөн тэрээр Улсын Их Хурал, түүний Тамгын газраас цаашид хэрэгжүүлэх зорилт, чиглэлийн талаар 5 зүйлийг онцлон хэллээ.

Нэгдүгээрт, бид парламентат ёс, парламентын засаглалын нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Социологийн 10-аад байгууллагын хийсэн судалгаагаар хамгийн нэр хүндгүй институцүүдийн нэгийн тоонд парламент орж байна. 10 онооны үнэлгээтэй хийгдсэн судалгааг үзэхэд /хамгийн сайн нь 10, хамгийн муу нь 1 оноо/ парламентын үнэлгээ 2 гэсэн дүнтэй байна.

Ийм учраас Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх, цэгцлэх замаар бидпарламентын нэр хүндийг сайжруулах нь зөв гэж үзэж байна. Парламентын мэтгэлцээн баримт нотолгоонд тулгуурласан, шинжлэх ухааны үндэстэй байж гэмээнэ хууль тогтоох үйл ажиллагаа цэгцэрнэ. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах ажлаа үр дүнтэй хийж чаддаг байваас парламентын нэр хүнд сайжирна. Энэ зорилтод Тамгын газрын ажилтнууд Та бүгдийн идэвх оролцоо, бүтээлч санаачилга юу юунаас чухал.

Хоёрдугаарт, УИХ-ын ээлжит чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзах, тэдний санал бодол, хүсэл зоригийг мэдрэхээр хөдөө орон нутгийг зорьдог. Үүнийг дагаад Тамгын газрын ажилтнуудын идэвх, санаачилга буурдаг, аль аль талдаа амралт, чөлөөт цаг шиг ойлгоод байгаа байдал ажиглагддаг. Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаас чиглэл хүлээж суух байдал ч үүсдэг. Ингэлгүйгээр завсарлагааны хугацаанд хууль тогтоомжуудын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, төсөл хариуцсан Байнгын хорооны ажлын алба, төслийн эхийг барьж буй зөвлөхүүд холбогдох судалгаа, лавлагаа гаргах, зарчмын зөрүүтэй саналаа томъёолох зэргээр бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байна.

Гуравдугаарт, Агуулгаа дагаад парламентад хэлбэрийн өөрчлөлтүүдийг ч хийх шаардлагатай. Жишээлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын дотоод зохион байгуулалт, байнгын хороодын хуралдааны зохион байгуулалтын асуудлыг олон улсын парламентын нийтлэг жишигт нийцүүлж, эрүүл саруул мэтгэлцээн өрнөдөг хэлбэр лүү оруулах хэрэгтэй. Парламентын хуралдаан популизмын талбар, хэрүүлийн танхим байж болохгүй гэдгийг давтан хэлье.

Мөн парламентын хяналт шалгалтын ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Оюутолгойн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлыг энэ сардаа багтаан хийж, тайланг нь сонсож, хэлэлцэх хэрэгтэй байна. Эрдэнэт, Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар хяналт шалгалт хийж буй ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Агаарын бохирдлын асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч нь Засгийн газрын гишүүн, сайд болсон тул бүрэлдэхүүнийг өөрчлөх шаардлагатай. Энэ мэт бэлтгэл ажлаа ойрын хугацаанд хангаж, бэлтгэл хангагдсан бол ажлын хэсгийн ахлагч нарыг хурлаа хийхийг шаардаж, шахах, төслөө урагшлуулах чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажилла. Яагаад гэвэл Та бүхэн ард түмний засаглах эрхийг хангах зорилгыг хэрэгжүүлж буй учраас илүү хариуцлагатай ажиллах ёстой.

Дөрөвдүгээрт, УИХ-ын нэр хүндийг сайжруулж, олон нийтийн санал бодол, шинжлэх ухааны баримт нотолгоонд үндэслэсэн парламентын мэтгэлцээн өрнөсөн талбар болгоход дан ганц хуулийн шинэчлэл хангалтгүй. Байнгын хороодын ажлын алба өргөн мэдүүлсэн төсөлтэй холбоотой судалгаа, лавлагаагаар гишүүдийг сайтар хангадаг болох хэрэгтэй байна. Шинэ мэдээ, мэдээлэл цуглуулж өгөх, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр бүтээлч санаачилга гаргаж, үр дүнтэй ажиллахыг хүсье. Энэ чиглэлээр намын бүлгийн ажлын алба, гишүүдийн туслах, зөвлөхүүдтэй хамтран ажилладаг практик баг бий болгох хэрэгтэй.

Ард түмнийхээ санал бодлыг сонсох зөвлөлдөх механизмыг бий болгож, нийтийн сонсгол зохион байгуулж, Үндсэн хуульд заасны дагуу ард түмний санал бодол, хүсэл зоригт тулгуурласан шийдвэр гаргадаг болохын тулд бидэнд сэтгэлгээний, арга ажиллагааны өөрчлөлт хэрэгтэй байна.

Тавдугаарт, Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд захирагдах ёстой. Засгийн газар бол Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-ын философи бол Үндсэн хуулийн зарчимд нийцэж ажиллах явдал юм. Ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн хууль тогтоох үндсэн үүргээ ажилтан бүхэн дор бүрдээ ухамсарлаж, ажиллах хэрэгтэй байна.

Ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Дөрвөн жилийн өмнө бидний хийж байсан судалгаагаар 4 хүний 3 нь буюу 75 хувь нь нийгэм шударга бус байна гэж үзэж байсан. Сүүлийн үеийн судалгаагаар 95 хувь нь Монголын нийгэм шударга бус байна гэж үзэж байна. Энэ асуултад, ард түмний хүсэл, хүлээлтэд хариулт өгч байж төрд, УИХ-д итгэх ард түмний итгэл сэргэнэ.

Ийм учраас газар бүр, ажилтан болгон хуулийг дээдэлж, шударга, сахилга хариуцлагатай ажиллах шаардлагыг гишүүддээ ч тавьдаг, өөрсдөө ч хэрэгжүүлдэг байх шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ өөрчлөлтүүдийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт Та бүхэнд итгэж байна.

Төр, ард түмний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэн дээдэлж ажиллахыг Та бүхэнд  захиж, ажилд тань амжилт хүсье" гэв.