УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапурт бүртгэлтэй компанид худалдсан талаар баримт мэдээлэл ирсэн хэмээн мэдэгдсэн. 

Тэрээр өнгөрсөн даваа гарагт дахин мэдээлэл хийж Эрдэнэтийн 49 хувийг зарж буй нь үнэн байна. Тус үйлдвэрийн хувьцааг эзэмшигч Ц.Пүрэвтүвшин 49 хувийг нь 1995 онд төрсөн Б.Номуундарь гэдэг хүний нэр дээр буюу Сингапурт бүртгэлтэй компанид шилжүүлсэн байна. Ингэснээр тус асуудлыг Монгол Улсын ямар ч шатны шүүхээр авч хэлэлцэх боломжгүй болно. Монголын мэдлээс гараад явчихна. Үүнд анхаарах шаардлагатай байна хэмээн мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор "Монголын Зэс корпораци" ХХ-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ташаа мэдээлэл тарааж байна. Тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Монгол иргэн байгаа хэмээн мэдэгдэл гаргасан юм.

Тэгвэл дөнгөж сая Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийх үеэрээ "Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа 100 хувь Засгийн газрын эзэмшилд байгаа. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй байгаа. Эрдэнэт үйлдвэрийн ямар нэгэн хувь зарагдсан мэдээлэл байхгүй байна. Эрдэнэтийн 51, 49 хувьтай холбоотой асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа" хэмээлээ.