Монгол Улсын сайд, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг томилох Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 88.1 хувь нь түүнийг дэмжлээ.

Гомбожавын Занданшатар 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн.  Тэрээр ажлын гараагаа багшаар эхэлж байсан. Дараа нь Хөдөө Аж Ахуйн банканд ажиллаж байгаад Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдож улс төрд танигдсан. УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайдын албыг тус тус хашиж байсан юм. 

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Шадар сайдаар Ө.Энхтүвшинг томилох, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатарыг томилох асуудлыг тус тус хэлэлцэж, шийдвэрлэснээр чуулган завсарлалаа.

Чуулган үдээс хойш 15.00 цагаас үргэлжилж, бусад сайдын томилгоог хэлэлцэнэ.