БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн салбарт тэргүүлэгч “Huawei” компанийн олон улсын худалдааг хязгаарлах оролдлого мэт харагдаж буй АНУ-ын хоригийн эсрэг арга хэмжээ авна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас /ГХЯ/ мэдэгджээ.


ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан пүрэв гарагт мэдэгдэхдээ, манай улсын компаниудын эсрэг нэг талт хориг тавьж буй орнуудыг Бээжин сөрөн зогсож, хариу арга хэмжээ авах болно гэжээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийг улсынхаа сүлжээнд ашиглахыг хориглох шийдвэрийг лхагва гарагт гаргасан юм. Д.Трампын гарын үсгээ зурсан зарлигт аль нэг компанийн нэрийг дурдаагүй байсан боловч “Huawei” компанийг онилсон хэмээн үзэж байна. 


Харин “Huawei” компанийн хувьд бүтээгдэхүүнүүд нь аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гэх мэдээллийг үгүйсгэж, АНУ-тай харилцан ойлголцох чиглэлд хүчин чармайлт гаргахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. 


“Улсынхаа аюулгүй байдлыг хамгаалах нэрийн дор аж үйлдвэрийн үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулж, гадаадын бизнест шахалт үзүүлж байна” хэмээн Бээжингийн засаг захиргаа Ерөнхийлөгч Д.Трампыг буруутгажээ. “Энэ төрлийн үйл ажиллагаагаа зогсоож, бизнесийн хамтын ажиллагааны таатай орчныг бүрдүүлэхийг бид уриалж байна” гэж Лу Кан мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Хятад улс хэрхэн хариу арга хэмжээ авах талаар тэрбээр дурдаагүй аж. 



АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан даамжирч, талууд импортын бараа бүтээгдэхүүнүүддээ харилцан нэмэлт татвар ногдуулаад буй энэ үед “Huawei” компанийн талаарх санал зөрөлдөөн үүсээд байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг