Хятадын ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэгч Huawei-н утаснуудыг ашиглахгүй байхыг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI), Тагнуулйн төв газар (CIA) болон Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA)-н удирдлагууд анхаарууллаа. 

Америкийн талаас Хятадын Засгийн газар болон ухаалаг гар утасны компанийг холбоо сүлбээтэй гэж бодсон хэвээр буйгийн илрэл энэ юм. Тус улсын тагнуулын зургаан ч байгууллагаас Америкийн иргэдийг Хятадын ZTE, Huawei-н утсыг хэрэглэхгүй байхыг сануулжээ. CNBC агентлагийн мэдээлснээр FBI-н тэргүүн Крис Врэй биднээс өөр үнэт зүйлтэй улс орны Засгийн газартай холбоо сүлбээтэй компанид харилцаа холбооны салбарт эрх мэдэл олгох нь эрсдэлтэй гэж хэлсэн байна. 

Мэдээлэл хулгайлах, гуйвуулах гэх мэт эрсдэл байж болох талаар ноён Врэй цохон тэмдэглэжээ. Америкийн тагнуулын байгууллагууд энэ мэт анхааруулга өгсөн нь анхны удаа биш. Тэд Huawei-г удаан хугацаанд шүүмжилж "Хятадын Засгийн газрын гар хөл" гэх мэтээр хэлдэг. Huawei компанийг Хятадын Ардын чөлөөлөх армийн инженер асан үүсгэн байгуулсан билээ. 

Өнгөрсөн сард Huawei компани Mate 10 загварын гар утсаа Америкийн үүрэн телефоны AT&T компаниар дамжуулан зах зээлд нийлүүлэх гэсэн. Гэвч AT&T эцсийн мөчид гэрээгээ цуцалж, үүнийгээ улс төрийн дарамт шахалтаар гэж тайлбарласан юм. Huawei-н CEO Ричард Ю энэ оны "Электроникийн шоу"-ны үеэр "Гэрээгээ цуцалсан нь AT&T-д томоохон хохирол болсон, гэхдээ хамгийн том хохирлыг хэрэглэгчид амслаа" хэмээсэн.