БНХАУ-ын хэрэглэгчдийн худалдан авалт буурсантай холбогдуулан “Apple” компанийн сүүлийн улирлын орлогын урьдчилсан таамаглал буурсан тухай компанийн төлөөлөгч мэдээлэв.

12 дугаар сарын 29-нд дууссан санхүүгийн жилийн эхний улиралд тус компанийн орлого 84 тэрбум ам.доллар байсан нь мэргэжилтнүүдийн тооцоолсон 91.5 тэрбум ам.долларт хүрч чадаагүй ажээ. Түүнчлэн “Apple” компани орлогын урьдчилсан таамаглалыг дэвшүүлэхдээ 89-93 тэрбум ам.доллар орчимд хүрнэ хэмээн төлөвлөж байсан юм. 

Таамаглал буурсан энэхүү улирал нь жилийн хамгийн их борлуулалттай байдаг баярын улирал байсан билээ. 

“Хэдийгээр бид зах зээлийн зарим сорилтын талаар урьдчилан таамагласан боловч БНХАУ зэрэг улсад борлуулалт хүчтэй буурахыг тооцоолоогүй” гэж “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кукийн хөрөнгө оруулагчдад илгээсэн захидалд тэмдэглэжээ. 

2007 онд “iPhone” загварын ухаалаг гар утсыг олон нийтэд танилцуулснаас хойш улирлын орлогын урьдчилсан таамаглал буурсан анхны тохиолдол энэ болсон байна. 

Өнөөдөр гар утасны борлуулалтаараа тэргүүлж буй компаниуд:

1. Huawei

2.Samsung

3. Apple



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг