Өмнөд Солонгосын Прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч асан И Мён Бак-г ихээхэн хэмжээний авлигал, хээл хахууль авсан хэргээр буруутгаж байна гэж  “Ёнхап” агентлаг мэдээлэв.

2008-2013 онд Өмнөд Солонгосын төрийн тэргүүний албан тушаалыг хашиж байсан И Мён Бакийг 10,4 сая ам.долларын авлигал авсан, түүнчлэн татвараас зайлсхийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, сонгуулийн тухай хууль зөрчсөн зэрэг 16 зүйл ангиар буруутгаад байгаа бөгөөд одоо тэрбээр урьдчилан хорих төвд байрлаж байгаа аж. Түүнчлэн Прокурорын газар И Мён Бакийн банкин дахь дансыг битүүмжлэхээр төлөвлөөд байгаа аж.

И Мён Бак нь шүүхэд татагдаж байгаа Өмнөд Солонгосын дөрөв дэх ерөнхийлөгч болж байна.

Өмнө нь Сөүлийн Төв дүүргийн шүүх Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг 18 зүйл ангиар буруутган 24 жилийн хорих ял оноосон билээ.

Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Чон Ду Хуан болон Ро Дэ У нар өмнө нь шүүхэд татагдаж байсан юм.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг