Хүчирхийлэлд өртсөн, бусдын тусламж хэрэгтэй хүүхдүүдийн хүсэн хүлээсэн "Ид шидийн орон" хүүхэд хамгаалал хөгжлийн төв ашиглалтанд орлоо. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд баригдсан энэ төвийн ажил энэ оны эхээр эхэлж ердөө есөн сарын дараа нээлтээ хийж байгаа нь энэ юм. Арав хүрэхгүй сарын хугацаанд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсэн санаачлагч нь "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан ажээ. Тэрбээр 50 хүүхдийн багтаамжтэй энэхүү төвийг барихын тулд 1 тэрбум 21 сая төгрөгийг хүүхдэд хайртай хүмүүсийн дэмжлэгээр босгосон байна. Энэхүү ажилд 12 мянган хүн хандив өргөжээ. Цаашид ч үйл ажиллагаагаа тогтмол явуулахын тулд сайн санаат хүмүүс, сайн дурынхны дэмжлэг авах аж. Төвийн цэцэрлэгээс юугаар ч дутахааргүй тохижуулсан "Ид шидийн орон" ирэх сарын нэгэнд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Хүүхдүүдээ ТББ-ын гаргасан судалгаан дээр үндэслэн авах юм байна. Мөн тусламж хэрэгтэй хүүхдүүдэд хүрэхийн тулд хорооны  ажилтан, эмч, цагдаа хүчний байгууллагатай хамтран ажиллахаар болжээ.

Зундаа нарны эрчим хүчээр, өвөлдөө шалны халаалтаар дулаанаа шийдэх цэцэрлэгээ тэд "Ид шидийн" бас эко төв гэж нэрийджээ. Энд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусдын тусламжгүйгээр явах орчныг нь бүрдүүлж өгчээ.

Ид шидийн орон” төслийн зорилго нь хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхдийн нас бие хэл сэтгэхүйн онцлогт тохирсон сургалт, хүмүүжлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт явуулахад чиглэгдэх юм байна.

Мөн "Ид шидийн орон" төвд дунд сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдэд зориулсан боловсрол, хөгжлийн хөтөлбөрүүдийг, гар урлал амьдрах ухааны хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.