Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо зохион байгуулж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцсэн жагсаал болов.

Дээд хэмжээний уулзалт болж буй газраас холгүй жагссан хүмүүс Д.Трампын хууль бус цагаачлал болон худалдааны бодлогыг эсэргүүцэж байгаа бөгөөд тэд АНУ-ын төрийн тэргүүнийг Аргентинаас явахыг хүссэн утга бүхий уриа лоозонгууд барьсан байжээ.

Уг жагсаалд хэдэн мянган хүн оролцсон бөгөөд дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцсэн жагсагчид мөн тэдэнтэй нэгдсэн байна. Жагсагчдын хэлснээр, энэ төрлийн жагсаал нь өргөжин тэлж буй хөрөнгийн ялгааг бууруулахад хувь нэмрээ оруулах аж.

Аргентины олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, алх зэрэг бусдыг гэмтээж болзошгүй хэрэгсэл биедээ авч явсан 17 хүнийг баривчилсан ажээ. Мөн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн жагсаалтай холбогдуулан аюулгүй байдлын түвшинг улам чангатган ажиллаж байгаа юм.  


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

NHK