Энэ сард Европт, ялангуяа Альпийн нурууны ойролцоох Герман болон Австрийн нутгуудаар их хэмжээний цас орсны улмаас ойролцоогоор 24 хүн амиа алдсан байна.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, бямба гарагт Австрийн баруун нутагт хаагдсан замыг чиглэн явж байсан цаначид цасан нурангид даруулсны улмаас гурван хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болсон ажээ.

Мөн Германд есөн настай хүү цасанд даруулан унасан модонд өртсөний улмаас амиа алдсан байна. Тус улсын өмнөд нутгийн Кемптен тосгонд их хэмжээний цас орж, авто замууд болон нийтийн тээврийн үйлчилгээ тасалдсаны улмаас спортын үйл ажиллагаа явуулдаг 11 газрыг түр хаасан байна.

Германы өмнөд нутгууд болон Австрид унасан хур тунадасын хэмжээг ердийн үеийнхтэй харьцуулахад гурав дахин их байгаа ажээ. Австрийн цаг уурын мэргэжилтнүүд байгалийн энэхүү үзэгдлийг 30-100 жилд ганц тохиох үзэгдэл хэмээн нэрлэж байгаа юм.

Орон нутгийн цаг уурын газрын мэргэжилтнүүд цасан нурангид дарагдахаас сэргийлэхийг ард иргэдэд анхааруулж, мягмар гарагийн орой гэхэд унасан хур тунадасын хэмжээ 50 сантиметрт хүрэх төлөвтэй байгаа тухай мэдээлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK