Индонезийн зүүн нутгийн Папуа мужид үер болсны улмаас амиа алдсан хүний тоо 79-д хүрчээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас даваа гарагт мэдээлэв.

"Папуа мужийн нийслэл Жаяпура хотод болсон үерийн улмаас 74 хүн гэмтсэн" гэж тус газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Сутопо Пурво мэдэгджээ.

Байгалийн гамшигт 12 мянга гаруй хүн өртөөд байгаа бөгөөд 43 хүн сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Холбогдох албаныхан гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна.

Индонезид борооны улирлын үеэр үер усны гамшиг түгээмэл тохиодог байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Сулавеси аралд аадар борооноос үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 68 хүн амиа алджээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Anadolu