"Инстаграмлаг орон сууц" цувралын шинэ дугаарт өнгө, өнцгөөрөө тодорсон Барселон дахь орон сууцыг онцолж байна. Тус хотын хамгийн эртний дүүрэг болох XIII зууны үеийн Борнд байрлах энэхүү хоёр өрөө орон сууцыг тэндхийн Colombo and Serboli Architecture интерьер дизайны компани загварчилжээ. XIII зуунд баригдсан барилгад 65 ам метр талбай эзэлсэн энэ байранд засвар хийхээс өмнө гурван өрөөтэй, бараан өнгө зонхилсон байж. 

Шинэчлэн зассан хувилбартай танилцана уу. 

Байрны эзэн болох залуухан эмэгтэй загварын салбарт ажилладаг. Тэрбээр агуулах зай ихтэй, илүү угаалтуурын өрөөтэй, цайвар орчинтой болохыг хүссэн. Улмаар CaSa-гийн архитектор Маттео Коломбо, Андреа Серболи нар шинэ унтлагын өрөөний даацын ханаас бусдыг нь нурааж, дүүжин таазыг авч, цэлгэр болгохоор шийджээ. Үйлчлүүлэгчийн агуулах зайтай болох хүсэлтийг биелүүлэхийн тулд архитекторууд цэнхэр өнгийн шүүгээнүүд бүхий таславч хана хийж өгсөн.

Зочны өрөөнд гал тогооны хэсэг, шүрэн өнгийн хананы цаана жижигхэн угаалгын өрөөтэй. Энгийн харагдаж байгаа ч цайвар өнгийн хананаас элемент бүр нь салж, тодорч харагдах аж.