Хөрөнгө оруулалтын “Invest Mongolia-2017” чуулга уулзалт эхэллээ. Уулзалт өнөөдөр, маргааш гээд хоёр өдөр үргэлжилнэ. Монгол Улсын Засгийн газар, “Фронтиер” үнэт цаасны компанитай хамтарч энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажилладагаараа “Фронтиер” үнэт цаасны компанийг сонгожээ.

“Инвест Монголиа” хурлын үеэр хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа “Оюутолгой”, “Тавантолгой” төсөл, Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг өгөхөөр төлөвлөжээ.

Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагчид тулгамдсан асуудлаа ярилцан, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, харьяа салбарын байдал, цаашдын төлөвийг хэлэлцэх төлөвлөгөөг зохион байгуулагчдын зүгээс гаргажээ.