“Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулган хоёр өдөр өрнөж өчигдөр өндөрлөлөө.Японы хөрөнгө оруулалттай үнэт цаасны “Frontier securites” компаниас 11 дэх жилдээ зохион байгуулж буй уг чуулганд 1100 төлөөлөгч оролцсон нь түрүү жилийнхээс давсан тоо байлаа. Оролцогчдын тоо мянга давсныг зарим шинжээч “Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэжээ” хэмээн тодорхойлоод буй. “Инвест Монголиа”-д оролцсон эдийн засагч, судлаачдаас уг арга хэмжээний онцлог, хөрөнгө оруулагчдын хандлага, гаднаас хөрөнгө татахад төр засгийн зүгээс ямар асуудалд анхаарах ёстой талаар сонирхлоо.

 Ч.Хашчулуун: Нэг ч том төсөл хөдлөөгүй нь том эргэлзээ болчихож байгаа юм

Эдийн засагч Ч.Хашчулуун: “Инвест Монголиа” ажил хэрэгч уур амьсгалд боллоо. Хөрөнгө оруулалтад гурван гол зүйл бий. Нэгдүгээрт зээлжих зэрэглэл. Монголд хөрөнгө оруулъя гэвэл арилжааны банкуудаас мөнгө зээлээд төслөө санхүүжүүлнэ. Бэлэн мөнгөтэй хүн гэж байхгүй. Олон улсын компаниудын 99 хувь нь яг л Монголын компаниуд шиг банкнаас зээл авдаг. Гадаадын банкнаас Монголд хөрөнгө оруулъя гээд зээл авах гэхэд хэр зэрэг эрсдэлтэйг нь сонирхоно. Тэгээд сонирхохоор зээлжих зэрэглэл нь маш доогуур гараад байгаа юм. Дэлхийн зээлжих үнэлгээ тогтоодог гурван том байгууллага санал нэгтэйгээр манай улсад доогуур үнэлгээ өгч байна. Зээлийн хүү чинь өндөр байна гэдэг. “Голомт” банк зээлийн хүү бууруулах үндэсний стратеги гэж боловсруулсан. Гадны банкууд ч яг “Голомт” шиг зүйл ярьж байна.

Гол эрсдэл нь юу вэ гээд харахаар төсвийн алдагдал өндөр хэвээр явах уу, эдийн засаг өсөлт сайн байх уу, эргэн төлөлтөө хийж чадах уу гэсэн гурван асуулт байна. Энэ гурван асуултад аятайхан хариулт өгвөл банкууд зээл өгнө, зээл өгвөл компаниуд хөрөнгө оруулалтаа хийнэ гэсэн үг. Төсвийн алдагдал эдийн засгийн эрүүл мэндийн байдлыг харуулдаг учраас бас л нэг чухал үзүүлэлт. Төсвийн алдагдал ихтэй байна гэдэг дампуурахад бэлэн, тогтворгүй эдийн засаг гэсэн үг. 2018 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр төсвийн алдагдлаа хэр бууруулахаар төлөвлөж байгаагаа бодитойгоор харуулах ёстой. Хоёрдугаарт эдийн засгийн өсөлт нэмэгдэж байж татварын орлого нэмэгдэнэ. Эдийн засгийн өсөлтөө яаж хангах вэ гэдэг төрд хамаатай асуудал болчихож байгаа юм. Том төслүүд хөдөлж байж Монгол шиг жижиг эдийн засаг хурдтай хөгжинө. Түүнээс биш гутал оёдог хүнээс олон гутал оё гэж нэхээд байж таарахгүй. Шуудхан хэлэхэд одоогоор нэг ч том төсөл яваагүй байна.

А.Билгүүн: Тогтворгүй улстөр хөрөнгө оруулагчдыг айлгасан хэвээр байна

MIBG компанийн захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч А.Билгүүн: Сүүлийн үед түүхий эдийн үнэ олон улсын зах зээлд өсч байгаа нь хөрөнгө оруулагчдыг Монголд дахин анхаарал хандуулах нөхцөл байдлыг үүсгэсэн юм шиг санагдлаа. Монгол улсад хэрэгжих болсон ОУВС-гийн хөтөлбөр ч хөрөнгө оруулагчдын итгэлд эерэгээр нөлөөлөөд эхэлчихсэн гэж анзаарагдсан. Гэсэн хэдий ч Монголын улстөрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдын айдсыг төрүүлсэн асуудал хэвээр байгаа нь анзаарагдлаа.

Ж.Дэлгэрсайхан: Бодлогууд хэрэгжиж баталгаатай байхгүй бол эргэлзээ хэзээ ч арилахгүй

СЭЗДС-ийн багш, эдийн засагчЖ.Дэлгэрсайхан: Өмнөх жилүүдийг бодвол хөрөнгө оруулагчдын хандах хандлага сайжирсан нь анзаарагдлаа. Эдийн засгийн сэргэсэн байдал, Валютын сангийн хөтөлбөр хамрагдсан зэрэг шалтгаанаас гадна нүүрс, зэсийн зах зээлийн үнийн хүлээлт дажгүй яваа нь нөлөөлсөн болов уу. Бид өөрчлөгдөх хэрэгтэй нь илүү тод мэдрэгдлээ. Гадна ертөнц биднийг эргэлзэнгүйгээр, ер нь яах бол гэж хардаг болжээ гэсэн дүгнэлтийг “Инвест Монголиа”-гаас хийж болохоор байна. Тэгэхээр бидний бодлогууд асар тодорхой, хэрэгжиж баталгаатай байхгүй бол эргэлзээ хэзээ ч арилахгүй. Хөрөнгө оруулагчид биднээс зөв менежмэнт, зөв бодлого хүлээж байгаа юм байна. Бодлого нь тодорхой, баталгаатай хэрэгжих орчинтой байгаасай гэсэн хүлээлт үүссэн нь анзаарагдсан.