Иракийн баруун нутагт оршдог Басра мужид ундны усанд хордсон хүний тоо 111 мянга болсон тухай телевизийн “Al-Sumaria” суваг НҮБ-ын Хүний эрхийн байгууллагын Басра хот дахь салбарын захирал Махди ат-Тамимигийн мэдээллээс иш татан уламжилжээ.  Урьд нь 27 мянган хүн хордсон гэж мэдээлж байв.

Хүмүүс ундны усанд хордож байгаа асуудалд байр сууриа тодорхой илэрхийлж, нухацтай хандахыг НҮБ-ын Хүний эрхийн комисс Иракийн Засгийн газраас шаардсан болохыг тэрбээр мэдээлсэн байна.

Иракт эсэргүүцлийн ажиллагаа долдугаар сарын 8-нд өмнөд нутгийн Басра боомт хотоос эхэлжээ. Ажилгүйдэл, нийтийн аж ахуйн салбарын байдал дордсоныг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцогсдын нэг амиа алдсаны дараа байдал хурцадсан байна. Басра хотод өрнөсөн эсэргүүцлийн ажиллагаа Майсан, Кербела, Нажаф, Ди-Кар, Бабиль зэрэг Иракийн өмнөд нутгийн өөр мужуудад хүрээгээ тэлжээ. Жагсагчид цахилгаан болон ундны усан хангамжийг сэргээхийг эрх баригчдаас шаардаж байгаа аж. Иракийн өмнөд мужуудад агаарын хэм 50 градуст хүрч халж байгаа нь байдлыг улам дордуулжээ.

Иракийн эрх баригчид өмнө нь жагсагчдын шаардлагыг биелүүлэх тусгай комисс байгуулсан бөгөөд ундны ус дамжуулах хоолой болон цахилгаан дамжуулах шугамыг сэргээн засахад Басра мужийн оршин суугчдад 2 тэрбум динар /17 сая орчим ам.доллар/ гаргахаа амлажээ. Эрх баригчид мөн мужийн оршин суугчдад 10 мянган ажлын байрыг шинээр бий болгохоо мэдэгдсэн байна. Иракт ажилгүйдлийн түвшин 10,8 хувь байгаа бөгөөд ажилгүйчүүдийн 60 гаруй хувь нь 24-өөс доош насныхан аж.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг