Иранд авлигын хэрэгт холбогдсон гурван хүнд цаазаар авах ял оноосон тухай тус улсын шүүх байгууллагын албан ёсны төлөөлөгч Голамхоссейн Мохсени Эжени мэдээлснийг телевизийн “Press TV” суваг иш татан уламжилжээ.  

Мохсени Эженигийн хэлснээр, Тегеран хотод болсон тусгай шүүх хурлын үеэр “эдийн засгийн зөрчилтэй” холбоотой хэргээр ял шийтгүүлсэн 35 хүний гуравт нь авлигын хэргээр цаазын ял оноосон байна”.

Цаазын ял сонссон хүмүүс 10 хоногийн хугацаатайгаар Дээд шүүхэд давж заалдах эрхтэй аж.

“Ираныг эсэргүүцэгчид ард түмний эсрэг эдийн засгийн дайн” зарласан тухай захидлыг тус улсын шүүх байгууллагын дарга Садек Амолт Ларижани улсынхаа шашны удирдагчид илгээж, “хуулийн хүрээнд нэн даруй шийдэмгий” арга хэмжээнүүдийг авах зөвшөөрөл олгохыг хүсчээ. Ираны шашны удирдагч Али Хаменей хариуд нь улс оронд үүссэн эдийн засгийн дайнтай тэмцэх эрхзүйн арга хэмжээг “хурдан бөгөөд шударгаар” авахыг уриалсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг