Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компаниас Монгол Улсын иргэн бүрийн эзэмшдэг 1072 хувьцааны мэдээллийг үндсэн таван эх сурвалжаас мэдэх боломжтой талаар тус компанийн дэргэд байгуулсан “1072 хувьцаа” мэдээллийн төвөөс мэдээлж байна. Үүнд:

  • Тус төв дээр ирж лавлах зөвлөгөө, мэдээлэл авах,
  • Мөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр очих,
  • 1800-1072 дугаар руу утасдаж асуух,
  • Интернэтээр орж харах,
  • 158989 гэсэн дугаар руу мессеж илгээх юм. 

Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.

-Иргэд өөрсдийн эзэмшлийн 1072 хувьцааны талаар хаана хандаж, дансаа нээлгэн бүртгүүлэх, ямар брокер диллерийн компани дээр очих вэ гэсэн асуултыг тавьсан хэвээр байна? 

-Юуны өмнө манай “Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төв иргэдэд 1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх зорилгоор өнгөрсөн оны 5-р сард нээгдэн үйл ажиллагаагаа явуулж буйг хэлье. Зөвхөн 1072 хувьцаа гэлтгүй хөрөнгийн зах зээлийн ханшаас эхлээд мэдлэг мэдээлэл өгдөг юм. Манайх 1800-1072 гэсэн энгийн, тарифын утасыг байнга ажиллуулж байна. Утас маань тасралтгүй, ачаалалтай ажиллаж иргэд хувьцааныхаа талаар лавлаж асуудаг. Энэ утас нь зөвхөн 1072 хувьцааны талаар мэдээлэл өгөхөөс гадна зөвлөгөө авч болно, мэдлэг олгох чиглэлээр ажиллаж байна. 

-Утсаар иргэд голлон юуг асууж байна вэ?

-Хувьцааныхаа тоо ширхэгийг ихэвчлэн асуудаг. Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) дээр очих юмуу тэндээс утсаар асууж лавлаж болно. (Энэ байгууллага хуучин Монголын Хөрөнгийн бирж дээр байрлаж байсан бол одоо Чингэлтэй дүүргийн ард талд 2 давхар тоосгон шар байшинд байрлаж байгаа). Тэнд иргэний үнэмлэхтэйгээ очоод хувьцааныхаа тоо ширхэг, хувьцааны данс нээлгэсэн, нээлгээгүйгээ мэдэж болно. Нэг ёсондоо та 1072 хувьцааныхаа талаар бүхий л мэдээллийг эндээс авна гэсэн үг.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг