МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, нэг асуудал хэлэлцсэн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдөр Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ нь 2016 оны УИХ-ын сонгуульд оролцоход манай намын мөрийн хөтөлбөрт, мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан асуудал юм. Банкны барьцаагүйгээр итгэлийн зээл олгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 27 гишүүн санаачилан өргөн барьсан. Тус хуулийн төслийг МАН-ын бүлэг хэлэлцэж, олон зүйлийг тодруулж ярилцаад дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа" хэмээн мэдэгдлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт барьцаа хөрөнгө шаардалгүй итгэлийн зээл олгож, иргэдийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэсэн заалт оруулсан. Тус заалтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан. 

2016 оны байдлаар Монгол Улс 3 сая 100 мянга гаруй иргэнтэй, тэдгээрийн 907.5 мянга нь 25 хувийн ядууралд өртөмтгий байна гэсэн судалгаа гарсан байдаг. Мөн тус онд манай улсын  нийт 869 мянган өрхийн 22.1 хувь нь ядуу амьдарч байна гэсэн байна. Үүнээс харахад иргэдийн багагүй хувь нь ядуу, тогтмол бус орлогтой буй нь тодорхой байна. Иймд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогын тогтмол эх үүсвэртэй болuох зайлшгүй шаардлага бий болсон. Өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэхэд нь шаардагдах санхүүжилтыг бий болгож, холбогдох эрхзүйн зохижуулалтыг төрийн зүгээс хийх шаардлага байна гэж үзэж, Итгэлийн зээл олгох тус хуулийн төслийг санаачилж, өргөн барилаа. 

Өнөөдөр Монголын нийгэмд бухимдал үүсгэж буй нэг зүйл бол орлогын тэгш бус хуваарилалт газар авсан. Боломжтой хэсэг нь банк, санхүүгийн байгууллагын урь хугацаатай зээлийг авч, сүүлийн 30 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсан. Яг зорилтот бүлэг болоh орлого багатай, ядуу иргэд зээл авч чадахгүй байна. Зээл авч чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь барьцаа хөрөнгө байхгүй. Тиймээс МАН-ын өнөөдрийн бүлгийн хуралдаанаар нийгмийн итгэлцлийг бий болгосон зээлийн бүтээгдэхүүн гаргах зайлшгүй шаардлага бий болсон байна гэж үзэж, энэ хуулийн төслийг санаачилж өргөн барьж байна. Энэ нь иргэд амьжиргаагаа сайжруулахад нэлээд том дэмжлэг, боломж болох юм" хэмээн мэдэгдлээ. 

Тус зээлийг бий болгосноор, Итгэлийн зээлийн дээд хягзаарыг 20 сая төгрөг байна гэж тооцвол нийт зээлдэгчдийн 90 хувь буюу давхардсан тоогоор гурван сая иргэнд урт хугацаа, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэнэ гэж үзэж буй аж. 

Итгэлийн зээлийн хуулийн төсөл батлагдсанаар дараах үр дагаврууд бий болно гэж үзэж байна.

1. Өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжинэ. 

2. Монгол Улсад өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хууль хэрэгжсэнээр санхүүгийн тогтовортой байдлыг хангахад эерэгээр нөлөөлнө.

3. Өрхийн дундаж орлого нэмэгдэхээс гадна санхүүгийн сахилга бат, хувь хүний чадавхийг нэмэгдүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжил урагшлах, ядуурлуг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.

4. Итгэлийн зээл олгосноор иргэдийн санхүүгийн боловсрол, сахилга бат нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа.

Итгэлийн зээлийг хэн авах боломжтой вэ?

-Өөр зээлийн батлан даагч болоогүй, хугацаа хэтэрсэн зээлгүй зэрэг ямар нэгэн өргүй хүн энэ зээлийг авна.  

-Сүүлийн нэг жил болон түүнээс дээш хугацаанд тогтмол өрхийн аж ахуй болон бичилл бизнесийг заавал эрхэлж байсан байх шаардлагатай.

-Орлогын тогтвортой эх үүсвэртэй гуравдагч этгээд зээл авах гэж буй иргэнд батлан даалт гаргаж өгнө. 

-Энэ зээлийг олгохын тулд санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад зайлшгүй хамрагдсан ёстой.

-Зээлээ хугацаандаа эргэн төлсөн тохиолдолд дахин зээл авах эрх үүсэхийг хуулинд тусгаж өгч байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол онцоллоо.