Одоогийн байдлаар өрхийн өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа нь 34 хувь, үүний тал хувийг хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж байна. Эдийн засаг өсч байсан 2011, 2012 онтой харьцуулахад энэ нь 2 дахин өссөн тоо юм.

Өрхийн өр нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь хурдтай өсч буй хэрэглээний зээл аж. Банкны системийн хэмжээнд 2018 оны I улирлын байдлаар нийт зээл 11.4 хувиар, үүнээс бизнесийн зээл 1.9 хувиар, хэрэглээний зээл 47.3 хувиар өсчээ.

Хэрэглээний зээлийг дагаад өрхийн нийт өр өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар өсч 9.6 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын нийт зээлийн 57.6 хувийг, үүнээс хэрэглээний зээл нь 23 хувийг бүрдүүлж байна. Үүнтэй холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргажээ. Ингэснээр иргэд ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш хэрэглээний зээл авбал сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давахгүй гэсэн үг. Жишээлбэл, татварын өмнөх цалингийн орлого нь 1 сая төгрөг бол түүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг хасахад тухайн зээлдэгчийн татварын дараах орлого нь ойролцоогоор 812,000 төгрөг болно. Өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоосон тул тухайн зээлдэгчийн зээлийн сарын төлбөр нь 812,000 төгрөгийн 70 хувь буюу 568,400 төгрөгөөс хэтэрч болохгүй юм.

Энэ нь иргэдийг өрийн дарамтанд оруулахаас сэргийлэх, наад захын хэрэгцээгээ хангах орлогыг өөртөө авч үлдэх шаардлагыг тавьж байгаа нь тэднийг хамгаалж буй хэрэг юм.