Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн А.Эрдэнэбаяр тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр А.Эрдэнэбаяр хүсэлтийг хүлээн авч, уулзаж байгаад нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Оюутолгойн гэрээг дахин хянаж үзэж, өөрчлөлт оруулахыг дэмжсэн 10.000 орчим хүний гарын үсэг, Шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.

Шаардах бичигт:

-Монголын ард түмэнд Оюутолгойн ордын 51-ээс дээш хувийг эзэмшүүлэх;

-Өмнөговь аймагт дагуул хотуудыг барьж байгуулах;

-Байгалийн гүний цэвэр усыг ашиглахгүй, саарал ус ашиглах технологийг нэн яаралтай хэрэгжүүлэх гэсэн 3 үндсэн шаардлага тавьсан байна.

Түүнчлэн Оюутолгой төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн дүнг танилцуулахдаа ил тод, нээлттэй хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, иргэний нийгмийн төлөөллийн ажлын хэсгийн гишүүд О.Бум-Ялагч, Б.Жагар, А.Эрдэнэбаяр нарын санал дүгнэлтийг УИХ-д сонсгох, “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бээжин, Х.Оюунцэцэг, Г.Алтанцэцэг, Г.Нямдаржаа, Ц.Хандсүрэн, Ц.Өнөржаргал нарыг чуулганы хуралдаанд оролцуулах шаардлагыг тавьжээ.

Энэ үеэр тус хөдөлгөөний зарим гишүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ. Иргэн Ц.Бээжин “Монгол төмөрлөг” нийгэмлэгээс гаргасан Оюутолгойн ордын нөөц, үнэ цэнэ, Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний согог, үүссэн зөрчилт нөхцөл байдал, засаж сайжруулах арга замын талаарх саналыг тусгасан бичгийг мөн гардуулж өглөө.    

УИХ-ын дарга М.Энхболд:

- Өнгөрсөн гуравдугаар 23-нд миний бие захирамж гаргаж, “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн байгууллага, хүмүүс, иргэний нийгмийн төлөөллийг аль болох түлхүү оруулах ёстой гэж үзсэн. Одоогоор Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн хүрээнд 200 гаруй хүн ороод ажиллаж байна.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцтай би байнга танилцаж байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагватай уулзсан. Ажлаа шуурхайлах, дүгнэлтээ тодорхой гаргах, улмаар УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэх талаар үүрэг даалгавар өгсөн.

Маш олон баримт бичигтэй танилцах, судлах, дүн шинжилгээ хийх шаардлагатай байгаа учраас тодорхой цаг хугацаа шаардагдаж байгааг ойлгоорой. Энэ удаагийн хаврын чуулган хуулийн дагуу ирэх баасан гарагт завсарлах учраас хэлэлцэж арай л амжихгүй болов уу. Гэхдээ УИХ энэ асуудалд онцгой анхаарал хандуулах болно. Та бүхний надад хүлээлгэж өгсөн эдгээр баримт бичгийг УИХ-ын гишүүдэд тарааж өгье. Хаана хаанаа нэгдмэл ойлголттой, нэг байр суурьтай байх ёстой гэж хэлэв.

Уулзалтын төгсгөлд хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр “Монголчууд бид эвтэй, нэгдмэл бодлоготой байх ёстой. Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашгаас давсан хувийн компанийн эрх ашиг, нууц гэж байх ёсгүй. Таныг ард түмнийхээ талд бат зогсоно гэдэгт итгэж байна” гэв.



Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс