Нийслэлийн төр, Захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, Хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгээ эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохоор болжээ.

Тус үйлдлийг таслан зогсоохыг нийслэлийн Засаг дарга Б.Батболд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 29 нь бичиг баримтын хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байв. Харин 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хотын даргын захирамжийн дагуу эдгээр үйлчилгээг иргэд илүү хялбар авах боломж бүрдсэн билээ. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг