Талбай дээр жагсаал болж байна, өлсгөлөн зарлажээ гэсэн мэдээ бидний чихэнд танил болоод удаж буй. Ихэвчлэн нийгмийн эмзэг сэдэв хөнддөг эдгээр жагсаалын ард юу өрнөдөг вэ, ямар үр дүн шийдэлд хүрдэг вэ? Эдгээр асуултанд хариулахаар энэ жил болсон онцлох хэдэн жагсаалыг онцоллоо. Сонирхуулахад Дэлхийн банкны судалгаагаар улс төрийн идэвхтэй, төр засгийн шийдвэрт хамгийн мэдрэг 29 улсыг нэрлэжээ. Жагсаалтыг Албани улс тэргүүлж, манай улс удаалсан дүн гарсан юм. Улс орон ядуу буурай байх тусам иргэд нь улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог гэсэн дүгнэлт эндээс гарчээ.

С.БАЯРЫГ БАРААГҮЙ ЖАГСААЛ

Г.Ичинхорлоо гэх бүсгүй өнгөрсөн гуравдугаар сард Лондон Элчин сайд С.Баярыг эсэргүүцэн тайван жагсаалыг эхлүүлсэн билээ. Тэрбээр “Оффшор дансаа ил болго, хулгайлсан хөрөнгөө буцааж өг, шударга ёс, зөв засаглалыг хүсч байна, Олон улсын байгууллагууд үнэнийг мэдэх ёстой” гэх зэрэг уриа лоозонтой жагссан юм. Энэ бол гадаад дахь Монголчуудын анхны жагсаал.

Хэдий долоон сар өнгөрсөн ч уг хөдөлгөөнийг эхлүүлсэн Г.Ичинхорлоо С.Баярын гэгдэх асуудлаар Олон улсын байгууллагуудад хандсаар яваагаа нийгмийн сүлжээнд хуваалцсан байна. Тэдний зорилго бол С.Баярыг  Оюутолгойн гэрээ болон хоёр охиных нь нэртэй холбогдсон үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан хариуцлага тооцох, Элчин сайдаас эргүүлэн татуулах юм. С.Баяр энэхүү жагсаалын талаар "Намайг Монголын төр элчин сайдаар томилсон учраас уг асуудлыг би биш Монгол төр шийднэ. Тэр яллаад байгаа Оюутолгойн гэрээ бол миний бахархал. Жилдээ 300 сая доллар өгдөг энэ төсөл Монголыг тэжээдэг юм" хэмээн эгдүүцлээ илэрхийлсэн юм. Үүнтэй зэрэгцэн нэг өдөр Сүхбаатарын талбайд гурван эмэгтэй “Нүцгэн жагсаал” хийсэн байдаг. Зорилго шалтгаан нь нэг ижил буюу оффорчдын эсрэг. Тухайн үед хагас нүцгэн жагсч биедээ лоозон зүүж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Нэг талаас харвал зохион байгуулалттай цаанаа захиалагчтай мэт энэхүү хоёр жагсаал твиттерчдийн дунд хэрүүлийн алим болоод амжсан билээ.


ҮР ДҮН: С.БАЯРЫГ ЭРГҮҮЛЭН ТАТААГҮЙ

Жагсаалын дараа нэг хэсэг С.Баярыг эргүүлэн татах тухай асуудал улс төрийн хүрээнийхний дунд яригдаж эхэлсэн.Тухайлбал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд эргүүлэн татах асуудлаар УИХ-тай зөвшилцөх тухай албан бичиг гаргаж байсан ч намжсан юм. Жагсаалыг зохион байгуулагч Г.Ичинхорлоогийн хувьд үр дүнд хүртэл нь тэмцэнэ гэсэн байр суурьтай байгаа бөгөөд олон улсын байгууллагуудад хандаж эхэлжээ.

НИЙГМИЙН ЗАХИАЛГА “БООЖ ҮХЛЭЭ”


Цаг үе, нийгмийн дуу хоолой болон гарч ирсэн жагсаалын нэг бол утааны эсрэг ээж аавуудын нэгдсэн “Боож үхлээ” жагсаал. Хүүхдээ тэвэрсэн ээжүүд, халуун цайгаа барьсан эмээ нар гээд утааны эсрэг тэмцсэн ээж аавууд ирээдүйнхээ төлөө нэгдсэн нь энэ цуглааны онцлог байсан юм. Жагсаалаа хийхдээ фэйсбүүк групп дээрээ зар тавьсанаар эцэг эхчүүд тэднийг дэмжин мөнгө цуглуулжээ. Тэдний шаардлага товч бөгөөд тодорхой.“Утаагаа арилга, эмнэлгээ барь, шаардлагын хариу өг” гэсэн гурван үгийг хэлж, Засгийн газрын ордонг тойрч алхсан юм. 

ҮР ДҮН:  ЭРХ БАРИГЧИД УТААГ ГАМШИГТ ХҮРСЭН ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ

Утаа ихэссэн ч хор нь багассан гэсэн тайлбарыг өгч байсан түшээдийг энэхүү жагсаал хөдөлгөж  эдгээр шийдвэрийг гаргаж чадсан билээ.

1.ҮАБЗ-г хуралдуулж утааг гамшигийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
2.Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулсан
3.УБ агаарын бохирдлыг МУ-ын ЗГ-ын түвшинд аваачихаас гадна дэлхийн сонорт хүргэж чадсан. Ингэснээр олон улсын донор байгууллагын тусламжийг авах боломжтой болсон. Жишээ нь ногоон зээлийн сан.
4. Арван жил гацаанд ороод байсан СХД-ын 400 ортой жишиг эмнэлгийн барилгын ажил эхлүүлсэн

БАЙГАА ОНООГҮЙ “БАЯНЗҮРХ”-ИЙН ЖАГСААЛ


Намаас болж яаж талцдаг гэдгийн жишээ бол Баянзүрх дүүргийн Засаг даргын суудлын асуудал. Уг нь өнгөрсөн оны өдийд болсон орон нутгийн сонгуулиар тус дүүрэгт АН олонхийн саналыг авсан байдаг. Гэсэн өнөөг хүртэл даргагүй хэвээр. Журам ёсоор бол нэр дэвшигчийн тогтоолыг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор Нийслэлийн Засаг дарга батламжлах үүрэгтэй.  Гэсэн ч сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй луу унжсаар өдийг хүрч. Дүүрэг эзэнгүйдсэн шалтгаанаар 100 гаруй иргэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын байрны гадаа яг одоо эсэргүүцлийн тайван жагсаал хийсэн юм. Иргэд зүүн эргэх дүрэм, мөн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл, сугалаа гэх мэт асуудал эсэргүүцлээ илэрхийлж Нийслэлийн Засаг Дарга С.Батболд, НИТХ-ыг бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан юм. Бараг сар үргэлжилсэн тус жагсаал хотын дарга иргэдийн санал асуулгаар Баянзүрх дүүргийн хуваахгүй гэсэн шийдвэр  гаргаснаар эцэс болсон билээ. Санал асуулгаар Баянзүрх дүүргийн иргэдийн 87 хувь нь дүүрэг хуваахыг дэмжээгүй юм.


ҮР ДҮН: ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛОХ БИШ ЗҮҮН ЭРГЭХ ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛАВ

Жагсаалын үр дүнд Баянзүрх Засаг даргаа албан ёсоор батламжилж чадаагүй хэвээр. Одоогоор тус дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Баясах ажиллаж байна. Намаараа талцдагаас болж Баянзүрхийн НИТХ нь бүрэн ирцтэй хуралдаж чаддаггүй хэвээрээ аж. Одоо ч энэ дүүрэгт шийдлээ хүлээсэн шил дарсан олон асуудал хүлээгдсээр байна.
Харин энэ жагсаалын сиймхийгээр  гурван дүүргийг хамарсан “зүүн эргэх дүрэм” хүчингүй болсон байдаг.

ЗАХИАЛАГЧ НЬ ТОДОРГҮЙГҮЙ  ОФФШОРЧДЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛ

Хавар болохоор жагсаал цуглаан идэвхждэг нэг ёсны "синдром" болоод удаж буй. Түүний нэг нь “Оффорчдын эсрэг нэгдье”. “Ард түмний онц зөвлөл”-ийн санаачилгаар эхлүүлсэн энэхүү цуглаанд 30 гаруй ТББ нэгдсэн байдаг.  Цаад агуулгаараа олон нийтийн дэмжлэг авсан энэхүү эсэргүүцлийн жагсаал иргэд идэвхтэй оролцсон. Тэр байтугай АНУ, Япон, Солонгос, Унгар улс, Франц, Бельги зэрэг орнуудад амьдарч байгаа Монгол иргэд хүртэл нэгдэн Элчин сайдын яамныхаа үүдэнд жагсч оффорчдын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Аль нэг ашиг сонирхол гэхээсээ илүү шударга ёсны төлөөх энэ жагсаал анх иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолой мэт харагдаж байсан ч экс ерөнхийлөгч Н.Энхбаяр намын нөхөд болох Г.Уянга, Х.Баянсэлэнгэ, С.Ганбаатар нарын хамт хүрэлцэн ирсэн багагүй эргэлзээ төрүүлсэн. Тухайн үед  жагсагчид  “Оффшорд байгаа 17 тэрбум долларыг эх орондоо авчиръя”, “Бүгд л завгүй, эх орондоо зав гарга”,  “С.Баярыг эргүүлэн татая”  гэх  мэт уриа барин жагсч байсан билээ. 

ҮР ДҮН: ОФФОРЧДЫГ ШҮҮХЭД ӨГНӨ ГЭСЭЭР СУРАГ АЛДРАВ

Ард түмний онц зөвлөл ТББ тухайн үед эрх бүхий хүмүүсийн нуусан мөнгийг эх орондоо авчирснаар эдийн засгаа аварч чадна, тийм учраас эцсээ хүртэл тэмцэнэ гэж байсан юм. Мөн оффшорчдын асуудлаар Монголын төрийг шүүхэд өгнө гэж байсан ч сураг алдарсан билээ.