Жак Магийн үдэлтийн үдэшлэгт 60,000 хүн оролцжээ

Хятадын хамгийн баян хүн болох Жак Ма, мягмар гарагт Алибаба Группын даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн билээ. 1999 онд 17 хүнтэй хамтран эхлүүлсэн жижиг цахим худалдааны сайт нь өдгөө 460 тэрбум долларын үнэлгээтэй технологийн гүрэн болтлоо өсөж дэвшсэн нь бизнесийн түүхэн дэх томоохон амжилт юм.

Технологийн бизнес эрхлэгчийн 55 насны ой, "Албибаба" группийн 20 жилийн ой давхцсан үдэлтийн арга хэмжээ нь өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан байна. Тус арга хэмжээ Хятадын Жэжан мужын Ханжоу дахь Олимпийн спортын төвд болсон бөгөөд 60,000 гаруй зочин иржээ.

Одоогийн байдлаар 38.6 тэрбум долларын хөрөнгөтэй Ма нь Хятадад харьцангуй залуу насандаа тэтгэвэрт гарч байгаа юм. Тэрээр 80-аад оны үеэр компаниуддаа хатуу шаардлага тавин, шаргуу ажилласны хүчинд одоогийн амжилтанд хүргэжээ.

Хэдийгээр тэр албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа ч "Алибаба"-гийн захирлуудын зөвлөлд 2020 он хүртэл үлдэх ба Алибаба түншлэлд насан туршийн хамтрагчаар үргэлжлүүлэн байх юм.

Залгамжлагчаараа Даниел Жанг сонгосон нь түүний эелдэг зан харилцаа болон өөртөө итгэлтэй онцгой манлайлалын хэв маяг нь нөлөөлсөн гэнэ. Дашрамд хэлэхэд Ма, Билл Гейтсээс өмнө тэтгэвэрт гарах хүсэлтэй болохоо илэрхийлж байсан билээ. Билл Гейтс нь 2014 онд 58 настайдаа албан тушаалаа өгсөн байдаг. Тэрээр өнгөрсөн жил “Ямар ч компани үүсгэн байгуулагчдаа л найдаж болохгүй, хүний чадвар, эрч хүч хязгаарлагдмал байдаг тул хэн ч дарга, гүйцэтгэх захирлын үүргийг үүрд гүйцэтгэх боломжгүй” хэмээн мэдэгдсэн юм.