The New York Times сонины гүйцэтгэх эдитор Дин Баке дуучин Jay-Z-тэй ярилцжээ. Тэрбээр "4:44" нэртэй цомгоо өнгөрсөн онд гаргасан юм. Тэдний ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

-Юуны өмнө тавтай морилно уу.

-Баярлалаа.

-Би тантай арьс өнгө, уран бүтээлийн тань талаар ярилцмаар байна. “4:44” цомгийн “The Story of O.J.” гэдэд дуу үнэхээр хүчирхэг санагдсан. Би тэр дуунаас “Та баян, эсвэл ядуу байж болно. Тэгсэн ч та хар арьстан хэвээрээ л байна” гэсэн санаа ойлгосон. Та үүнийг хэнд хандаж хэлсэн юм бэ? Хэн энэ дуунаас урамшаасай гэж бодсон бэ?

-Би өнгөт арьстнуудад л хандсан. Мөн бид ер нь хэн бэ, урагшлах замдаа өөрийгөө хэрхэн мэдэрч, үйл хөдлөлдөө хариуцлагатай байх вэ. Америкт энэ л чухал биз дээ. Гэхдээ шийдэл бий, бид хамтдаа хүчирхэг байвал би ганцаараа ярилцлага өгөөд, Америкийг ганцаараа өөрчлөх гээд суухаас хамаагүй өөр байх болно. Би 40 сая хүнтэй нийлбэл шал өөр юм ярина шүү дээ. Ажил ингэж л явдаг. Тийм болохоор “Би баян биш. Би зүгээр л О.Ж. Би хар биш, Би зүгээр л О.Ж" гэсэн.

(Орентал Жеймс Симпсон буюу "O.J." хочит эр бол АНУ-ийн хамгийн зартай хөлбөмбөгчин билээ. Тэрбээр 1947 онд төрсөн бөгөөд хүн амьны хэргээр нэлээд шуугиан тарьсан юм. Түүнийг өөрийн хуучин эхнэр Николь Браун Симпсон болоод найз Рон Голдмэны үхэлд буруутгаж 1995 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр хэрэг үүсгэсэн байдаг. Энэ бол АНУ-ын түүхэн дэх хамгийн учир битүүлэг хэрэг хэмээн бүртгэгдсэн байдаг ажээ.
O.J өөрийгөө хамгаалахын тулд Роберт Шапирогоор ахлуулсан маш чадварлаг "Dream Team"-ийг хөлсөлж шүүх хуралд оролцсон байдаг. Нөгөө талаас ч ялгаагүй хүчирхэг баг түүнийг яллахаар оролцсон хэдий ч O.J-ын гэм буруутай эсэхийг нотлох хангалттай баримт байгаагүй. Эхний шүүх хурлын дараа АНУ-ын иргэд цагаан болон өнгөт арьстны хоёр хэсэгт хуваагдаж O.J-ыг буруутай, буруугүй хэмээн маргалдах болсон. O.J-ын олонд танигдсан байдал, хэргийн учир битүүлэг, ойлгомжгүй байдал, хоёр талаас маш хүчирхэг баг мэтгэлцсэн гайхалтай шүүх хурал өрнөсөн тул энэ хэрэг АНУ-ын түүхэнд мөрөө үлдээж чаджээ)

-O.Ж. Симпсон үнэхээр баян, үнэхээр нэр алдартай байсан. Гэвч арьс өнгөний ялгааны гол сэдэв болмогцоо тэр бүхэн нь ямар ч хамаагүй болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн болов уу. Таны дуу үүнийг О.Ж-ийн түүхээр дамжуулан бусдад сануулсан сануулга байв уу?

-Тийм ээ. Яг үнэн, "Битгий мартаарай” гэсэн санаа. Бидний жинхэнэ зорилго бол амжилттай, нэр алдартай болох биш. Харин Бурхнаас өгсөн авьяастай бол түүгээрээ амьдрах, нэгдүгээрт. Хоёрдугаарт, бид бүгд эрх тэгш болох хүртлээ тэмцэх хариуцлагаа хүлээх. Учир нь БҮГД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛОХ ХҮРТЭЛ ХЭН Ч ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БИШ. Энэ бол баримт.

Олонтойгоо байх чинь жаргал. Хэчнээн мөнгөтэй байлаа гээд хэн ч үгүй бол уйтгартай шүү дээ.

-Таных шиг гайхалтай амжилтад хүрэхэд хүүхдүүд тань таны өссөнөөс тэс өөр ертөнцөд өсөж торнино. Та өөрийн тэр ертөнцөө ойлгуулахын тулд яах вэ?

-Үүнд нарийн тэнцвэр байдаг байх. Өнөөгийн ертөнцийг байгаагаар нь таниулах хэрэгтэй. Гэхдээ миний хүүхдэд намайг өсөж том болоход хэрэгтэй байсан арга, хэрэгсэл хэрэггүй. Би орчноосоо амьд үлдэх гэж тодорхой арга зам ашигласан бол одоо хүүхдэд минь тэр зүйлс хэрэггүй. Тэд өөр орчинд том болж байна. Гэсэн ч тэд үүх түүхээ мэдэх хэрэгтэй. Өнөөдөрт хүрэх гэж ямар зам туулсныг мэдрэх ёстой. Мөн бусдыг гэсэн сэтгэлтэй. Биднийг одоогийн байр суурьт хүргэхийн тулд хэн юугаа золиосолсныг мэддэг, тэдний төлөө зүрх нь цохилох л хамгийн чухал.

-Хар арьстан миний хувьд хүүхэд байхад О.Ж. Симпсон бурхан шиг л байлаа. Одоо би 61 настай гэхээр түүнийг ид цэцэглэж байхад хүүхэд байжээ. Та хар, цагаан арьстай, залуу, хөгшин хүмүүсийг уран бүтээлээс тань өөр, өөр зүйл олж хараасай гэж боддог уу?

-Сайхан асуулт байна. Уран бүтээл туурвихдаа хүмүүст өөр өөрөөр сонсгохыг, мөн ярианы сэдэв болгохыг хүсдэг болов уу гэж би боддог. Ингэж л бид ойлгодог шүү дээ. “Өө чи ингэж бодсон юм уу”, “Би ингэж л хэлэх гээд байсан юм. Надад ийм юм тохиолдсон, ийм зүйлс болдог” гээд л.

-Зарим хүн Дональд Трампын сонгууль Америк дахь арьс өнгөний ялгаврыг сэргээсэн гэх юм. Хэсэг нь Америкт үргэлж л энэ ялгавар үзэл байсан гэх. Ямартай ч хүмүүс анхаарал хандуулж байх шиг. Та юу гэж бодож байна?

-Канье Уэстийн дуунд “РАЦИЗМ ОДОО Ч АМЬД, ТЭД ЗҮГЭЭР Л ХАЛХАЛДАГ хэмээх гайхалтай мөр бий. Нэг алхам ухарцгаая. Дональд Стерлинг N.B.A.-ээс хөөсөн нь буруу алхам байсан, буруу юм хийсэн бол хөөж явуулах нь шударга. Гэхдээ ингэснээр бусдыг ч нуугдахад хүргэдэг.  

(Дональд Стерлинг нэгэн танилдаа хар арьстнуудыг доромжилсон нь ил болж, түүнийг хөөсөн билээ.)

Би тухайн үед “Түүнийг тайван орхи л доо” гэж бодсон. Зүгээр шийтгээд өнгөрч болох байтал шууд л явуулчихсан. Бусад нь ч сургаар нь нуугдаад асуудлыг ил гаргаж, хэлэлцэх боломжгүй болсон. Дональд Трамп Ерөнхийлөгч болсны сайн тал нь бид одоо ярилцахаас өөр замгүй болсон явдал. Одоо л бид арьс өнгөний ялгавар үзлийг том хэмжээнд ярьж байна. Бидэнд ярилцах талбар гаргаж өгсөн гэж болно.

-Та тэгээд асуудлаа хэлэлцсэн нь дээр гэж бодож байгаа юм уу?

-Яг тийм.

-Тэгвэл Америк дахь арьс өнгөний үзлийн тэр хэлэлцээ эрүүл үргэлжилж байгаа гэж та бодож байна уу?

-Одоогоор эрүүл гэж болно, хүлээн зөвшөөрсөн учраас. Асуудлаа хүлээн зөвшөөрч байж л шийддэг шүү дээ. Хавдартайгаа мэдэхгүй, тоохгүй байлаа гээд эдгэчихгүй. Эхлээд олж тогтоох хэрэгтэй. Тиймээс асуудал байна, шийдвэрлэцгээе гэж байгаа нь сайшаалтай хэрэг.

-Тийм шүү. Та одоо нэр алдартай, чинээлэг, өөрийн гэсэн хөрөнгөтэй. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар ялгавар үзэлтэй хаана таарч байна?

-Статус квогоо сорих үед л юм даа. Би ажлаа чимээгүйхэн  хийгээд явбал хүн бүрт сайхан байна. Гайхалтай, ялгавар үзэл байхгүй. Харин олон нийтийн дунд орохоор байдал өөр болдог. “Бид тэр ширээнд суух ёстой. Цаашлаад “Та нарын хийдэг зүйлийг би хийсэн гэж уурлаж байгаа юм уу?” гэхээр орчин угтана.

Би ажлаа чимээгүйхэн хийгээд явбал хүн бүрт сайхан байна. Ялгавар үзэл байхгүй, гайхалтай.

-Та бизнес хийгээд явахдаа өрөөнд буй цор ганц хар арьстан байж үзэв үү?

-Нью Жерси Нэтс багийн хувьцаа авахад би ганцаараа өнгөт арьстан байсан.

-Тухайн үед ямар байсан бэ, дүрслээч?

-Эвгүй, тухгүй байсан. Гэвч тэр үед миний нэр алдар үзэл бодлоо илэрхийлж, түүнийгээ бусдад сонсгох боломж өгснийг анзаарсан. Надтай адил өөр нэг хар арьстан өрөө дүүрэн цагаан арьстнуудын дунд байсан бол тэгэхэд хэцүү шүү дээ.

- Таны “4:44” цомог яг л сэтгэл зүйн эмчилгээ шиг сонсогдсон.

-Мхн, тийм шүү.

-Та сэтгэл засал хийлгэж байв уу?

-Тийм ээ.

-Сэтгэл засалч хаанаас олдог вэ?

-Сайн найзуудаараа дамжуулж олдог. Хүнд хэцүү байдал даван туулаад эргийн нөгөө талд гарч чадсан найзуудаасаа.

-Ямар санагдсан бэ. Өөрөө хэзээ ч мэдээгүй, сөхөөгүй зүйлээ мэдэж, ярьсан уу?

-Би туршлагаараа өсч том болсон. Гэхдээ ойлгож авсан хамгийн чухал зүйл бол бүх зүйл нарийн нягт холбоотой байдаг талаар. Сэтгэл хөдлөл бүр холбоотой, хаа нэгтэйгээс урган гардаг. Үүнийг ойлгож чадвал өдөр тутмын амьдралд ихээхэн тус болдог юм байна. Жишээ нь хэн нэгэн таныг арьс өнгөөр гадуурхвал асуудал танд байгаа юм биш, тэр хүний хүмүүжил, түүнд тохиолдсон явдал л өнөөгийн байдалд нь хүргэсэн. Уурлахаас илүү зөөлөн хандаад магадгүй “Хөгшөөн зүгээр үү” гэж асууж болох.

Жишээ нь хэн нэгэн таныг арьс өнгөөр гадуурхвал асуудал танд байгаа юм биш, тэр хүний хүмүүжил, түүнд тохиолдсон явдал л өнөөгийн байдалд нь хүргэсэн.

-Та сэтгэл хөдлөлөө нээлттэй байлгадаг. Зөвхөн энэ цомог ч биш, таны хөгжмөөс хувь хүн чинь хэрхэн хөгжиж буйг харж болдог. Амьдралаа өгүүлэхэд нэг бодлын эвгүй байдаг уу?

-Энэ чинь л би шүү дээ. Би карьерынхаа эхнээс нь л ингэж ирсэн. Гэхдээ хийж байгаа зүйл минь бусдад нөлөөлдөгт нь баярладаг, бас бахархдаг.

-Тодорхой хэмжээний мөнгөтэй болсон болохоор бага зэрэг консерватив болсон тал бий юу? Таны улс төрийн байр суурь өөрчлөгдсөн үү?

-Үгүй ээ. Би хүмүүст хайртай, тэдэнд итгэж, хамгийн сайн сайхныг хүсдэг. Тийм болохоор тийм та байхгүй ээ, би мөнгөө хэмнэх үүднээс л Бүгд найрамдах намд санал өгмөөр байгаа.

-Зөв, зөв.

-Мөнгөтэй, эсэх нь хамаагүй л дээ. Миний олсон мөнгө болохоор үүгээрээ хүссэнээ хийнэ гэдэг л ойлголт. Олонтойгоо байх чинь жаргал. Хэчнээн мөнгөтэй байлаа гээд хэн ч үгүй бол уйтгартай шүү дээ. Хэнтэйгээ жаргал, зовлонгоо хуваалцхав. Ханатлаа баяжаад хорвоо дээр ганцаараа үлдлээ гэж бодъё. Дараа нь яах билээ? Үүнтэй л адил.

-Таны сүүлийн цомгийг сонсоод, дараа нь өмнөх цомгуудыг тань сонсоход зорилгууддаа хүрч дээ гэж харсан. Та нөлөөтэй боллоо, мөнгөнөөс ч илүү зүйлсийг олж авсан байна. Гэхдээ сүүлийн цомгоос сонсоход амьдрал нь сайхан байгаа ч зовж л байгаа юм байна даа гэж бодсон.

-Яг үнэн.

-Миний зөв үү?

-Тийм ээ. Би “Song Cry” гэдэг дуу хийсэн байгаа. Тэнд би яг ямар цэгт байгааг харуулна. Би нууж байсан. Эр хүний хийж чадах хамгийн хүчтэй зүйл бол уйлах. Мэдрэмжээ дэлгэх, хорвоо ертөнцийн өмнө эмзэг байх. Энэ бол жинхэнэ хүч чадал. Хүн нэг тийм сахилга баттай байх ёстой гэж боддог. Ийм байх нь жинхэнэ биш, хуурамч.

-Эцэг хүний хувьд таны цомгийн тодорхой хэсгүүд их гуниглуулсан. Таны гэрлэлт бүтэлгүйтэх дөхөж, өөр залуу хүүхдүүдтэй чинь хөлбөмбөг тоглож байгааг харах ямар байх байсныг та өгүүлсэн. Та уран бүтээлдээ амьдралаа өгүүлдгийг бодохоор ийм зүйл жинхэнээсээ болсон юм шиг санагдсан. Таны аав багад тань орхиж явсан, өнчин амьдралын хүнд хэцүүг, өөрийн гэр бүлийн харилцааны асуудлуудыг та ярьж байсан. “Би тийшээ явахгүй” гэж та тэр амьдралаа хэлсэн үү?

-Тийм ээ, бас өөр олон хүн үүнд хамаатай. Өөр хүмүүсийн ч үнэн түүх. Жишээ гэвэл ээж минь байна. Тэр дууг хийх зөвшөөрөл анх надад байгаагүй. Тийм болохоор дуугаараа сайхан суугаад ярилцсан юм шиг л санагдсан.

-Ээж тань ижил хүйстэн гэдгийг та хэзээ ойлгосон бэ?

-Нэлээд бага байхдаа. Өсвөр насандаа юм даа.

-Та мэдээд энэ тухай ярилцсан уу?

-Бид энэ талаар хэзээ ч ярьж байгаагүй. Байж л байсан, бүгд мэдэж л байсан.

-Ойлголоо.

-Саяхнаас л нээлттэй ярьж, бие биенээ чин сэтгэлээсээ танин мэдэж байна. Өмнө нь сайн найзууд байсан ч одоо бол үнэхээр дотно найзууд шиг болсон. Тэгээд найзууд шиг ярьж байтал ээж хүнийг хайрлаж байгаа, одоо л өөрөөрөө байж болох нь, хүүхдүүдийнхээ төлөө нуугдах хэрэггүй, хүүхдүүдээсээ ичих хэрэггүй болсон тухайгаа хэлсэн.

-Хэтэрхий энгийнээр хэлж байгаад уучлаарай. Гэхдээ таны намтар уран бүтээлийн нэгдүгээр хэсэг “Би хүнд хэцүү амьдрал туулж байна”, хоёрдугаарх нь “Би одоо баян болсон. Надад олон зүйл бий. Ямар гоё болохыг нь ярьж өгье”, гуравдугаарх нь “Ээ бурхан минь, би хамраараа газар шаалаа” байсан гэж бодъё. Дөрөвдүгээр хэсэг нь юу байх вэ?

-Үгүй ээ, гуравдугаар хэсэг нь “Ээ бурхан минь, эд чинь хамгийн үзэсгэлэнтэй зүйлс биш юм байна шүү дээ. Хамгийн сайхан зүйлс чинь дотор байдаг юм байна. Найз нөхөрлөл минь хамгийн үзэсгэлэнтэй нь юм байна. Өрөвч сэтгэлтэй болсон өнөөгийн бие хүн минь”. Энэ бол гуравдугаар хэсэг. Бас ээжтэйгээ ярилцсан маань.

Өөрийн амьдралын төлөө бусдыг зольж болохгүйг би одоо ойлгосон.

-Гэхдээ амьдралд тань нэгэн ижил адал явдал тохиолдсоор байх болов уу? Бичих шүлгийн чинь сэдэв адилхан л байх уу?

-Рэп хөгжим ерөнхийдөө залуу хүний спорт шиг санагддаг. Бас рэп бол нээлт. Залуу хүмүүст рэп шинэдээ л халуухан орон зай шиг санагдана.

-Та тэр орон зайд байгаа гэж бодсоор л байна уу?

-Би тэнд удаан хугацаанд байсан байх. Гэхдээ одоо бол үгүй, хүмүүс намайг том тоглогч гэж боддоггүй байх. Гэхдээ эцсийн эцэст тэр халуухан орон зай биш, харин үнэн мөнийг олох нь л чухал шүү дээ. Хүмүүс тэр халуухан орон зайг л чухал гэж боддог ч үнэндээ өчүүхэн зүйл. Трэнд л юм даа.

Трэнд баймаар байна уу, "Ralph Lauren" баймаар байна уу? Санааг минь ойлгож байгаа биз дээ. Трэнд болоод өнгөрөх үү, мөнхөд орших уу л гэсэн үг.

-Та уран бүтээлдээ хар тамхи зарсан хүмүүстээ ямар их зовлон учруулсан байх магадлалтайгаа дуулсан. Тэр хүмүүстэй уулзаж байсан уу, уулзвал юу гэх вэ?

-Өөрийн амьдралын төлөө бусдыг зольж болохгүйг би одоо ойлгосон. Үүний төлөөс заавал ирдэг. Би тухайн үед одоогийнхоо ухамсартай байсан бол байдал өөр байхсан. Би хүмүүсийг үүнийг ойлгоосой гэж их хүсэж байна.

-Өнгөт арьстай уран бүтээлчид цагаан арьст уран бүтээлчдээс илүү хариуцлагатай байдаг уу? Танд илүү өөр хариуцлага мэдрэгддэг үү?

-Тийм ээ. Миний хүлээсэн хариуцлага бол хэлэлцүүлгийг эхлүүлэх. Бодож сэтгэх зүгээр, ухаантай байх зүгээр. Нэгэн цагт хүмүүс “Чи цагаан арьстан шиг л яриад байна” гэдэг байлаа. Тэр одоо юу гэсэн үг вэ? Би үгийн сантай болохоор тэр үү. Ухаалаг байдал арьсны өнгөтэй хамаагүй.

-Тэгэлгүй яахав.

- “Чи цагаан арьстан шиг л ярьж байна” гэж яг юу гэсэн үг вэ?

-Мхн, мхн.

-Миний үгийн сан баялаг байж болно. Гэхдээ энэ зүгээр. Миний хариуцлага бол хэлэлцээг урагшлуулж, Америк дахь өнгөт арьстнуудын нэр төрийг, бидний сэтгэл хөдлөлийн төлөвшилтийг нэмэгдүүлэх. Энэ бол миний насаараа хийх зүйл. Зохиолчид сэтгэл хөдлөлийг тайлбарлаж, хүмүүс түүнтэй нь санал нийлдэгтэй л адил.

-Үүрэг хариуцлагаа төдийлөн биелүүлэхгүй байгаа хар арьст уран бүтээлчид бий юу? Та хүсэхгүй бол нэр дурдахгүй байж болно оо. Илүү ихийг хийж бүтээгээсэй гэж боддог хүмүүс ч юм уу?

-Нэг нэр дурдахад О.Ж байна. Хийх ёстой зүйлээ хийдэггүй хүмүүс байна л даа, гэхдээ ийм түүх хэрхэн дуусдагийг бид мэднэ шүү дээ.

-Та түүнтэй ярилцах боломж гарвал юу гэж хэлэх вэ?

-Мэдэхгүй юм аа. Магадгүй “Та ч их зовлон үзлээ дээ”. Тэгээд л хүмүүс хүмүүжил, үзсэн туулснаасаа болоод ийм болдог юм гээд л. Тэр амьдралдаа олон шарх амссан байх. Ингэж л яриагаа эхлэх байх даа.

-Түүний талаарх баримтат кинонуудыг үзсэн үү?

-Бүгдийг нь үзсэн. Найман баримтат кино байдаг, бүгдийг нь хэрэг явдлын үеэр хийсэн.

-О.Ж.-ийн түүхэд хоёр тал байдаг юм шиг. Ерөнхийдөө бол хар арьстай хүмүүст арьсны өнгийг нь сануулсан. Гэхдээ эерэг тал нь: Чи бол хар арьстай, үүгээрээ бахарх гэдэг. Сөрөг тал нь: Чи хэнээр тоглох гээв. Ямар ч баячуудын клубт элсэж, гольф тоглолоо гээд арьсны өнгө чинь хэвээрээ л байна гэдэг.

-Зөв зөв.

-Танд аль нь зөв юм шиг санагдаж байна?

-Аль аль нь л хоёр талтай л даа. Хэн гэдгээрээ бахархаад цааш хамтдаа алхацгаая, битгий салаарай. Төрөлх зүйлээсээ нүүр буруулж болохгүй шүү гэсэн санаа.

-Одоо би хов живийн шинжтэй асуултаа асууя л даа. Канье Уэст та хоёрын нөхөрлөл хэр байна. Түүнтэй сүүлд хэзээ ярьсан бэ?

-Саяхан л ярьсан. Миний дүү шиг хүн хэвээрээ шүү гэж хэлсэн. Би Каньед хайртай.

-Яагаад асуудалтай болчихсон юм бэ?

-Канье миний лэйблд нэгдсэн. Би яг л ах шиг нь байлаа. Бид хоёулаа уран бүтээлч учир өрсөлдөх юм бий. Бид бие биенийхээ уран бүтээлийг хүндэлж хайрладаг. Бидний аль аль нь, ер нь хүн бүр л шилдэг нь байхыг хүсдэг. Намайг ойлгож байна уу? Өөр олон зүйл бий л дээ. Гэхдээ бид хэзээд дотно байх болно.

Хэн нэгний царайнаас өөрийнхөө үүсгэсэн зовлон шаналлыг харна гэдэг хамгийн аймшигтай зүйл. Тэр үед өөртэйгөө нүүр тулах хэрэгтэй.

-Гэхдээ одоо бол асуудалтай байгаа биз дээ?

-Тийм ээ, гэхдээ урт хугацааны харилцаанд асуудал хэзээд байдаг. Бид хоёр 89 нас хүрчихээд энэ зургаан сар, энэ хугацааны талаар яриад инээлдээд суух байх. Ойлгож байна уу? Давж гарах хэрэгтэй асуудлууд харилцаанд маань бий. Үүний тулд суугаад ярилцах л хэрэгтэй. “Энэ чинь надад эвгүй байна”, “Би ийм зүйл хүлээн зөвшөөрч чадахгүй, надад ийм байна” гээд л.

-Би таныг эхнэртэйгээ суугаад л “Би гэр бүлийн харилцааныхаа асуудлын талаар ярина. Бүхнээ алдах дөхсөнөө ч бас” гээд Бейонсе болохоор “Би чамд яаж уурласнаа, яаж зовсноо ярина” гэснээр л төсөөлөөд байх юм. Та хоёр юу гэж ярьсан бэ?

-Ийм зүйл болоогүй ээ. Бид урлагаар сэтгэл зүйгээ эмчлэх шиг л болсон. Бид хоёр хамт уран бүтээл хийж эхэлсэн.

Дараа нь түүний хувийн уран бүтээл нэлээд явчихсан, бидний хамтын уран бүтээлээс эсрэг төрлийнх болсон. “Би ийм цомог хийнэ” гэсэн юм байхгүй. Би бүх явцад нь л хамт байсан.

-Таны уран бүтээлд эхнэр тань ямар хариу өгсөн бэ? Бас танд ямар санагдсан. Аль алинд нь хэцүү л байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Аль алинд маань эвгүй байсан. Гэхдээ сайн сайхан үргэлж асуудлын яг төвд нь оршдог. Бид хоёр зовлон шаналлынхаа яг төвд нь хамтдаа байсан.  

- Мхн

-Эвгүй байсан, бид олон удаа ярилцсан. Гэхдээ би түүний уран бүтээлээр, тэр миний бүтээлээр маш их бахархаж байгаа. Эцсийн эцэст бие биенийхээ бүтээлийг эрүүлээр хүндэлдэг. Эхнэр минь гайхалтай эмэгтэй.

Ихэнх хүн зүгээр л холдоод явчихдаг. Салалт бараг 50 хувьтай байгаа нь хүмүүс дотогшоогоо өнгийгөөгүйгээс болдог байх л даа. Хэн нэгний царайнаас өөрийнхөө үүсгэсэн зовлон шаналлыг харна гэдэг хамгийн аймшигтай зүйл. Тэр үед өөртэйгөө нүүр тулах хэрэгтэй.

-Тийм шүү.

-Харин ихэнх хүн нүүр тулахыг хүсдэггүй. Өөр лүүгээ өнгийгөөд үзэхийг боддоггүй. Тэгээд л холдож явдаг.