УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн бол тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Нарийнсухайтын орд газар 800 орчим сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаагаар нийт хүчин чадал нь жилд 33.5 сая тонн гэж тогтоогджээ. Энэ ордод 2015 оны байдлаар нийт ашигт малтмалын 68 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 16 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 6 компани нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Нарийнсухайтын орд газраас Шивээхүрэнгийн боомтоор дамжин БНХАУ-ын хилийн Сэхэ боомт хүрдэг хүнд даацын авто замын боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10-12 сая тонн бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас шалтгаалж нүүрсний экспортын өнөөгийн түвшинг нэмэгдүүлэх боломжгүй байгаа төдийгүй тээврийн зардал, логистикийн олон шат дамжлагаас үүдэлтэйгээр уул уурхайн бүтээгдэхүүн хямд үнээр борлуулагдаж байгаа аж.

Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46.2 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгожээ. 

Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж экспортлох шинэ гарц нээгдэж, манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, хүрээлэн буй орчин болон аюулгүй ажиллагааны нөхцөл сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Иймээс Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 1435 мм-ийн царигтайгаар барьж байгуулснаар БНХАУ-ын эцсийн хэрэглэгчид уул уурхайн бүтээгдэхүүнийг шууд хүргэх, тус улсын төмөр замаар дамжин гуравдагч зах зээлд хүрч экспортын шинэ гарцыг бий болгох зорилгоор тус чиглэлийн төмөр замын царигийн өргөний хэмжээг тогтоолгохоор Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат сүүлийн үед төмөр замын асуудал ихээхэн яригдах болсон ч нэгдсэн бодлого, тодорхой шийдэл харагдахгүй байна, нөгөө талаар салбарын сайдыг байлцуулж асуудлыг хэлэлцэх шаардлагатай гээд хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. 

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэхээр болж, уг асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөтгөх замаар хөрш улсуудын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Шивээхүрэн нь ихээхэн нөөцтэй ордын нэг, тиймээс нүүрсний экспортоо дэмжих стратегийн бодлогын үүднээс асуудалд хандаж, төмөр зам барих зайлшгүй шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү төслийг дэмжиж байна, гэхдээ төмөр замын бодлогоо нэг мөр цэгцэлж, зөв шийдэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.