УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Төслийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцуулахдаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “…Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно...” гэж, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт “…Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ…” гэж заасныг тус тус үндэслэж буйгаа дурдав. 

Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн эрхлэх асуудлын хүрээний салбарт гарсан асуудлуудтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлжээ. 

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжлээ.

 


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс