УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өгөхийг шаардсан иргэд төв талбай дээр гэр барин суулт хийж буй юм. Тэд өчигдрөөс өдөр бүр нэг сэдвийн хүрээнд гэр форум хийж эхэлсэн бөгөөд форумыг өчигдөр Г.Доржзодов, УИХ-ын гишүүн Л.Болд нар, өнөөдөр "Алтан Дорнод" компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд , УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хөтлөн явуулжээ. Харин маргаашийн форумыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хөтлөн явуулах аж.

Тэрээр өнөөдөр энэ талаараа мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Би маргаашийн форумд Татварын ерөнхий газарт ажиллаж байхдаа дарамтлуулж, хохирсон Д.Энхбат, С.Зориг агсны хэрэгт буруутгагдан хоригдож буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлийнхнийг урьж оролцуулан холбогдох асуудлаар нь ярилцах болно" хэмээлээ.