УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ж.Батзандан "АНУ-д хэрэгжүүлээд 200 жил, Англид хэрэгжүүлээд 150 жил болж буй томилгооны сонсгол хийх жишиг тогтоох санал гаргасныхаа төлөө өнөөдөр би заналхийлэлд өртөж байна. Өчигдөр би АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд Б.Хурцтай таарсан. Энэ үеэр би Б.Хурцаас УИХ-ын гишүүдийг сүрдүүлээд байгаа нууц материалаа дэлгэхийг, шударга, ил тод байхыг шаардсан. Үүний хариуд Б.Хурц намайг "хутгална шүү, орон дотор чинь хүнээр хорлуулна" гэж заналхийлсэн. Тиймээс өөрийн амь нас болоод гэр бүлийн аюулгүй байдлаа хамгаалуулахаар УИХ-ын даргаас Төрийн хамгаалалт хүссэн. Өнөөдөр надад нэг хүн гаргаж өгнө гэсэн. Өнөөдрөөс нэг хүнээр хамгаалуулна гэж найдаж байна" гэв.

Мөн тэрээр "Жирийн нэг хүн намайг хорлоно гэж хэлэхэд би юм бодохгүй, тоох ч үгүй. Гэтэл Монгол Улсыг төлөөлж гадаадын улсад Элчин сайдаар томилогдох гэж буй генерал хүн ингэж ярьж байна гэдэг байж боломгүй үйлдэл. 

Өчигдөр надад Б.Хурцтай холбоотой гурван хэргийг ирүүлсэн. Тэрээр Унгар улсад Элчин сайд байхдаа тамхины хэрэгт холбогдсон, эхнэрийнх нь компанийн үйл ажиллагааг хаасан татварын байцаагчийг шоронд оруулсан зэрэг хэргүүд нэмэгдэж ирж байна. 

Б.Хурцын асуудлаар "Томилгооны сонсгол" хийхэд эдгээрийг танилцуулна. Түүнээс гадна "Томилгооны сонсгол" хийе гэсэн УИХ-ын гишүүд өдөр бүр нэмэгдэж байна. Сонсгол хийхийг дэмжсэн 21 гишүүний тоог би хоёр өдрийн дотор 42 болгоно. Үүнээгээ хариуцлагатайгаар мэдэгдье. 

Б.Хурц намайг алж болно. Би айхгүй. Гэхдээ би шантааж хийсэн нэг балмад этгээдэд зүгээр байж байгаад алуулахгүй. Холбогдсон, хийсэн бүх хэргийг нь дэлгэнэ. Дээрээс нь намайг өмгөөлж хамгаалдаг гэр бүл, ах дүү, найз нөхөд бий. Ард түмэн маань ч хамгаална гэж найдаж байна" хэмээн мэдэгдлээ.