С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хянах Түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус Түр хорооноос Улсын Дээд шүүхийн зарим шүүгчийг С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор явагдсан эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан гэж үзэн, үүрэгт ажлаас нь огцруулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж буйгаа мэдэгдлээ. 

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан "Энэ шүүгч нар бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлсэн, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн болж, зохиомлоор жүжиг тавьсан. Эдгээрт Анхан шатны 3 шүүгч, Давж заалдах шатны 3 шүүгч, Хяналтын шатны 5 шүүгч байгаа. Тэднийг огцруулах, ажлаас нь чөлөөлөхөөс шүүхийн шинэчлэл эхэлнэ гэж бид харж байна. Ялангуяа Ерөнхий шүүгч Ц.Зоригт, Б.Батцэрэн, н.Цогтоо, н.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нар бол Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар юм. Генерал Б.Хурцын гар хөл болж, иргэдийг шударга бусын хонгилоор чирж оруулдаг шүүгч нар юм байна гэж Түр хорооны гишүүд үзэж байгаа.

Тиймээс өнөөдрөөс эхлэн Түр хороо С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг буруу шийдвэрлэсэн, хилсээр Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлж, ял өгсөн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчийг чөлөөлөх, огцруулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан, тавьж байна. Тэднийг огцруулахаас нааш бид тэмцлээ зогсоохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Улсын Дээд шүүхийн Ерөнхий зөвлөлийн өмнө том тэмцэл, жагсаал цуглаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах болно. 

Өнөөдөр Түр хороо хуралдаж, ажлын төлөвлөгөөг батална. Мөн эдгээр 8 шүүгчийг Түр хороон дээр дуудаж, эрүүдэн шүүсэн 25 минутын бичлэгийг үзүүлнэ. Хүний ёсноос гадуур болсон эрүүдэн шүүлтийг тэдэнд үзүүлнэ. 

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.