УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.

Яг одоо УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан санал болох гишүүдийн гуравны 2 нь дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргыг огцруулдаг байя гэсэн саналыг хэлэлцэж, гишүүд үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Ж.Мөнхбат гишүүний гаргасан гишүүдийн гуравны хоёроор УИХ-ын даргыг чөлөөлнө гэсэн саналыг би дэмжихгүй байна. Байнгын хороо ч дэмжээгүй. УИХ-ын даргыг огцруулах, хүсэлтээрээ чөлөөлөгдөх эрх зүйн зохицуулалт одоо ч хуулинд байгаа. Хэрвээ ёс зүй хөгжсөн оронд УИХ-ын дарга нь хүсэлтээрээ чөлөөлөгдөх боломж нь байгаа. 

Заавал хууль гаргаж, 40 гишүүний гарын үсэг цуглуулж байж УИХ-ын даргыг огцруулж чөлөөлнө гэдэг нь аргаа барсан, Монголын улс төр дампуурсны хэлбэр юм. Маш том шалтгаан хэрэгтэй гэж зарим хүн хэлж байна. Өнөөдөр Монгол Улс маш том хувьсгалт өөрчлөлтийн ирмэг дээр зогсож байна. Манжийн амбаныг буулгахад хууль хэрэггүй байсан. Ард түмэн буу, морьтойгоо давхиж очоод тэмцэж байж хөөж явуулсан. 

Улс төрийн товчоог буулгахад хууль гараагүй. Сүхбаатарын талбай дээр 100 мянган хүн жагсаж улс төрийн товчоог буулгаж байсан. Ямар юмных нь хууль. Хувьсгалт өөрчлөлтийн үед хууль хэрэггүй байдаг юм. Гэхдээ монголчууд тайван, амгалан ард түмэн учраас МАНАН-г хөөж зайлуулах тэмцлийг тайван замаар хийж, Ерөнхийлөгч хууль оруулж ирсэн юм.Энэ хуулийг яаралтай батлаад явуулах нь зүйтэй. Өөрийгөө хуульч гээд бодчихсон, ухаантай хүмүүс хувьсгалын үед хууль ярих хэрэггүй" хэмээлээ.


Чуулганы хуралдаан үргэлжилж байна.