АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийж, тус намын дарга С.Эрдэнийн тушаалаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг 4 жилийн хугацаатай намаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаатай хасаж буйг мэдэгпсэн.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Ж.Батзандан "Төрийн ордон дотор улс төрийн тэмцэл өрнөж байна. Яг өнөөгийн улс төрийн нөхцөл байдал бол Монголын түүхийн эргэлтийн онцгой чухал цаг үе болж байна. Өнгөрсөн 7 хоногт Монголын хамаг баялгийг завшсан 30 гэр бүл ялах уу, 3 сая иргэн ялах уу гэдэг тэмцэл болсон. МАН 37, 27-гоор хоёр хуваагдсан. АН-ын бүлэг бас дундуураа 2 хуваагдсан. 

МАНАН-гийн бүлэглэлийг дэмждэг, Монгол төрийг зайдалж Монголын ард түмний шим шүүсийг сордог 30 гэр бүлийг дэмжих талд АН-ын хэсэг нөхдүүд саналаа өгсөн. Эх орныхоо талд, шударга бусын хонгилыг эвдье гэж М.Энхболд, Ц.Элбогдорж нарын бүлэглэлийн эсрэг, МАНАН-гийн эсрэг АН-аас 3 гишүүн санал өгсөн.

МАНАН-г, 60 тэрбумын бүлэглэлийг дэмжээгүй 3 гишүүндээ хариуцлага тооцож байна гэж АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар өнөө өглөө мэдээлэл хийлээ. Эрүүл ухаантай байгаа даа л гэж би гайхлаа. 

АН яахаараа МАНАН-г, 60 тэрбумын бүлэглэлийг дэмжих ёстой юм. Би намын энэ шийдвэр, тулгалтыг ойлгохгүй байна.

Би намаас хөөгдсөн ч Монголдоо үлдсэндээ баяртай байна. Мөн Монголчуудтайгаа хамт байх эрхээ хадгалж үлдсэндээ баяртай байна. Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг АН-ын удирдлагаас зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. МАНАН-гийн халаасанд орсон АН-ын дээрэмчин, тонуулчид бас зүгээр үлдэнэ гэж битгий андуураарай. Тун удахгүй Монгол орон даяар Ардчилсан намын мянга мянган шударга гишүүд босож, МАНАН болон М.Энхболдыг халаасанд орсон С.Эрдэнийг зайлуулах тэцэл эхэлнэ" хэмээн мэдэгдлээ.