Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан ШИНЭ намыг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нэгэн шинэ санал дэвшүүлж буйгаа мэдэгдлээ. Энэ нь “Монгол Улсын хилээр цөмиийг хаягдлыг оруулах, булшлах, хадгалах, дамжин өнгөрүүлэх аливаа хэлбэрийг хориглоно" гэсэн заалт аж. Энэ талаар ШИНЭ намын дарга Ж.Батзандан:

"2011 онд Цөмийн хог хаягдлыг хадгалах, булшлахыг хориглосон гэж тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж мэдэгдэж байсан. Харамсалтай нь тус онд Ерөнхийлөгчийн гаргасан нэг ч тийм зарлиг алга. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж гуай тухайн үед зарлиг гаргахдаа сонгуулийн зорилгоор, ард түмний эсэргүүцлийг намжаах зорилгоор ийм худал мэдээлэл гаргасан байна.

2011 оны 9-р сарын 7. Уран, газрын ховор элемент, эрчим хүчний үйлдвэртэй холбогдсон Ерөнхийлөгчийн зарлиг. Үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлэх уран, газрын ховор элементийн асуудлаар шийдвэр гаргахын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж хэлэлцэнэ гэсэн зарлиг байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргаж болно гэсэн үг.

Хоёр дахь зарлиг нь бас л биднийг хуурсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийг тууштай мөрдөж ажиллана гэсэн зарлиг. Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол Улсад цөмийн хог хаягдлыг импортлох, булшлахыг хориглосон нэг ч хууль байхгүй байна. Цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглочихсон мэтээр монголчуудад хуурамч мэдээлэл өгч, УИХ-аар хууль гаргаж батлах гэж байхад нь зогсоосон байна гэж бид харж байна" гэлээ.

Ийм учраас дээрх заалтыг Үндсэн хуульд оруулах саналыг ҮАБЗ, УИХ-ын дарга, Ажлын хэсэгт хүргүүлж байгаа юм байна.