УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр 18.30 цагаас Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Орой хуралдаж буй энэ үед аль болох бие биенээ стресстүүлэхгүй байвал зүгээр байна. Сүхбаатарын талбай дээр 50 мянган хүн ирж 2 удаа жагсаал хийсний дараа миний бие ордон дотор тайван сууж чадахгүй байна. Одоо 300 хүн улс төрийн суулт хийчихсэн өвлийн хүйтэнд энэ хуулийг хүлээгээд, удахгүй өлсгөлөн зарлана гээд сууж байна. Тиймээс би тайван амгалан байж чадахгүй байна. Уучлаарай. Ж.Батзандан уурлаж бухимдаж олон хүний дургүйг хүргэж буй бол уучлаарай. 

Гэхдээ энэ гайхамшигтай тайван хүмүүсийг хараад гайхаад байх юм. Улс төрийн онцгой нөхцөл байдал үүссэн үед хуулийг тэр дор нь батлан гаргахгүйгээр яах юм. Одоо дайны нөхцөл үүссэн, газар хөдлөлт болсон, олон мянган хүн жагсаал хийж байх үед дэлхийн улс орнуудад ердийн журмаар явна гээд суугаад байдаг юмуу. 

Ерөнхийлөгч онц байдал зарлахад бид тэр дор нь л тогтоолыг нь батладаг биз дээ. Сая Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн гарын үсэг зураад, энэ хуулийг 10-ны дотор батла гэсэн зөвлөмж гаргасан. Гэтэл ердийн журмаар явна гээд яриад сууж буй нь ард түмэндээ хэр хүндэтгэлтэй хандаж буйг харуулж байна. 

Ердийн үед л ердийн журмаар явна. онцгой нөхцөлд Үндэсний аюулгүй байдлын журмаар явах учиртай. Олон түмнээ бодож энэ хуулийг яаралтай горимоор шийдэж, мөрдөхийг батлая гэж гуйж байна" хэмээв.