ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Солонгос дахь Монголын Элчин сайдаар томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдөр АТГ-ын дарга Б.Хурцыг албан тушаалаас нь чөлөөлж, өөр ажилд томилох тухай гэсэн Монгол Улсын Засгийн газрын 304 дүгээр тогтоол гарсан. Би сая Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай уулзлаа. Тогтоолын төслүүд бэлэн болсон, хараахан гарын үсэг зурагдаагүй байгаа юм байна. 

Энэ тогтоол дээр Б.Хурцыг өөр ажилд томилох тухай гэсэн заалт байна. Миний бие УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол Монгол Улсын гурван сая иргэнийг төлөөлж, тэдний нийтлэг ашгийг хамгаалж, тэдний төлөө ажиллах байдаг. Мөн Үндсэн хуулийг хэрэгжүүлэхийн төлөө хууль батлахаас гадна хуулийн хэрэгжилтийг ягштал хангуулахын төлөө ажилладаг. 

Юуны өмнө ТЕГ-ын дарга асан Б.Хурц гэдэг хүнтэй би хувийн өс хонзон, маргаан, зөрчилгүй гэдгээ хэлье. Намайг өнгөрсөн дөрвөн жилд Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл гомдол ирж байсан. Үүнээс дурдъя" хэмээв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээллийнхээ үеэр Б.Хурцтай холбоотой дөрвөн асуудлыг дурдаж, дээрх асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол явуулахыг уриаллаа

Тэрээр "Нэг. Дамирангийн Энхбат гэдэг залууг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Франц, Германаас унтуулдаг тариа хийж нойрсуулан хууль бусаар авчирсан бүлэглэлийн гишүүн бол Б.Хурц юм. Үүнийг дэлхий нийтээрээ, Монгол даяараа мэдэж байгаа. Талийгаач залуу баригдаж ирээд Монголын шоронд хууль бусаар бүтэн нэг жил хоригдсон. Дараа нь хилс хэрэгт холбогдсон нь тогтоогдоод шоронгоос гарснаас хойш зургаан сарын дараа амь насаа алдсан. Гэр бүлийн хүмүүсээс нь "хууль бусаар баривчилж ирээд хортой тариа хийсээр байгаад амь насанд нь хүрчихлээ" гэсэн өргөдлийг олон удаа ирүүлсэн. Энэ асуудал олон жил яригдаж байна. Үүнд Б.Хурцыг буруутай гэдгийг олон улсын хууль хяналтын шүүхүүд шалгадаг. Одоо ч энэ хэрэг дуусаагүй байна. Үүний үр дүнд Б.Хурц Европын улс руу орох эрхгүй болсон. Үүнийг сайтар шалгах шаардлагатай. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы нээлттэй сонсголын үеэр ярих ёстой. Монгол Улсын жирийн иргэнийг гадаадаас Тагнуулын байгууллагын гишүүн нь хууль бусаар хулгайлдаг явдлыг таслан зогсоохын тулд би үүнийг ярьж байна. 

Хоёр. Саяхан тагнуулын мөрдөн байцаагчид С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, Дээд шүүхээр оруулаад улс төрийн захиалгатай аллага байна гэж үзсэн. Ингээд гурван иргэнийг ялласан. Гэвч одоог хүртэл захиалагчийг олоогүй. Энэ талаар би ХЗДХ-ИЙН сайд Ц.Нямдоржтой уулзсан. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж тодорхой болгохгүй бол гурван хүнийг хилсээр гүтгэсэн байж болзошгүй. Үүний төлөө Б.Хурц генерал цол авсан. Генералаас С.Зоригийг хөнөөлгүүлсэн захиалагч нь хэн бэ гэдгийг асуух хэрэгтэй. 

Гурав. Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол Б.Хурц. Эрдэнэтийн 49 хувийг Засгийн газар давуу эрхээрээ худалдан авах бүрэн боломжтой байсан. Монгол Улсын нийт баялгийн өмчлөгч нь Монголын төр. Төрийн өмнөөс УИХ өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн хуулийн заалттай. Гэтэл Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажлыг Б.Хурц, Ц.Сайханбилэг нар УИХ-д мэдэгдэхгүйгээр хийсэн.

Энэ асуудлыг бид ярих цаг болсон. Яагаад УИХ-аас нууж, Худалдаа хөгжлийн банкинд авч өгсөн бэ гэдгийг асууж мэдэх шаардлагатай. Энэ асуудлыг шийдвэрлэхээс нааш Б.Хурцыг Солонгос улс дахь Элчин сайдаар томилохыг яарах хэрэггүй гэж үзэж байна.

Дөрөв. ТЕГ-ын дарга н.Цогтбаатарт хилсээр ял өгч, шоронд оруулсан хүн бол Б.Хурц юм гэсэн н.Цогтбаатарын эхнэрийн гарын үсэгтэй өргөдөл ирсэн. Энэ өргөдлийг УИХ өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй дарж байна. Б.Хурц хамт ажиллаж байсан, өөрийг нь шүүмжилсэн хамтрагчдаа хилсээр ял тулгаж, шоронд явуулсан гэж эхнэр н.Мандах нь бидэнд өргөдөл явуулсан. Энэ өргөдлийг шалгаж УИХ дээр ярих ёстой. 

Би нэг зүйлийг ойлгосон. Монголын УИХ-ын гишүүд, томоохон бизнесменүүд Б.Хурцаас айдаг юм байна. Үүнийг би ойлгож байна. Гэхдээ аль ийн болгон айх юм бэ. Б.Хурцтай холбоотой асуудлуудыг ил болгох шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд ТЕГ-ын нэрийг барьж, газар лиценз зэрэг олон хүний бизнесийг булаасан, дээрэм тонуулс хийсэн гэдэг гомдол олон ирж байна. Энэ асуудлыг УИХ дээр ярих ёстой. Б.Хурцад дээрэмдүүлсэн хүмүүс УИХ-д албан ёсоор өргөдөл өгч, хэлэлцүүлэх нь шаардлагатай. Б.Хурцын томилгоотой холбоотойгоор томилгооны сонордуулга явуулахыг би уриалж байна" хэмээн мэдэгдлээ.